– Сангийн сайд Б.Жавхлан дахиад л төсвөө боловсруулна, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн дахиад л ажлын хэсэгтээ маапаан хутгах нь ээ-
“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг үгтэй. Дээрээ суудлаа олно гэдэг нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн суудал дээр, Д.Амарбаясгалан УИХ-ын даргын сандал дээр, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын тамгыг атгаад авчихаар болчихлоо гэсэн үг биш. Эрх мэдлийн хүчийг ард түмний дэмжлэгээр авсан бол ажлаа хариуцлагатай хийх ёстой гэсэн үг. Тэгэж байж төр хүчтэй, түмэн олон нь итгэлтэй болно гэсэн үг. Харамсалтай нь “Намайг л энэ суудалд суулгаатахвал Монголыг хөгжүүлнэ, бусад нь чадахгүй” гээд байсан төрийн эрх мэдлийн хамгийн хүчирхэг институтүүд эхний том ажлаасаа эхлээд мордохын хазгай болоод байна.
2025 оны Улсын төсвийг батлахын даваан дээр УИХ-ын нэр бүхий гишүүд шүгэл үлээсэн. Тэд төсвийн зардлыг танахгүйгээр хувийн хэвшил өөдлөхгүй, төр бүхнийг хийгээд улс хөгжихгүй хэмээн чанга дуугаар мэдэгдсэн нь нийгмийн дэмжлэгийг авсан.Гурван намын хамтарсан Засгийн газар түүхэндээ байгаагүй өндөр буюу 35.8 их наядын зарлагатай, 1.9 их наядын алдагдалтай төсвийг УИХ-д өргөн барьж, УИХ тэр чигээр нь баталсан билээ.
Батлахдаа төсвийн зарлагыг танаж, төсөвт тодотгол хийх шийдвэртэй баталсан. Улмаар Ерөнхийлөгч хориг тавьж,УИХ уг хоригийг хүлээж авахдаа 2025 оны улсын төсвийг баталсан хуулийг хүчингүй болгосон билээ.
Нэгэнт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан тул төсвийг УИХ дахин хэлэлцэхдээ ямар дэгээр хэлэлцэх вэ хэмээн маргаж, эцэст нь Засгийн газарт буцаагаад, Засгийн газраас дахин өргөн мэдүүлэх болов.
Ингээд өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын даргад Улсын төсвийг батлах харилцааг зохицуулдаг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа.
Төсвийн тухай хуулиар Засгийн газар жил бүрийн есдүгээр сарын 1-ний дотор Улсын төсвийг УИХ-д өргөн барих ёстой бөгөөд УИХ 11-р сарын 15-ны дотор батлах ёстой. Энэ жилийн хувьд хуулийн хугацаандаа гүйцэлдүүлсэн ч хэмнэлт болон данхар төрийн эсрэг байх үүргээ мартсан Засгийн газар, Засгийн газрын төсвийн шүүсийг шахаж өгөөгүй УИХ аль аль нь хариуцлагагүй хандсан.
Эцэст нь төсвийг данхайлгасан, үрэлгэн загнасан, татвар төлөгчдийн нуруун дээр их ачаа үүрүүлэх гэсэн, товчоор хэлбэл хариуцлагагүй ажилласан хэн ч хариуцлага үүрсэнгүй. УИХ дээр хариуцлагын тухай ярьсаар байгаа ч эзэн дээрээ буухгүй байна.
Ингээд эцэст нь хэн нэгэнд хариуцлага үүрүүлэхийн оронд Төсвийн тухай хуульдаа “Жил бүрийн 11-р сарын 15-ны дотор төсвийг батлуулдаг хуулиа өөрчилж, “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн заалтыг нэмэхээр боллоо. Нэгэнт хариуцлага хүлээх эзэн гарч ирэхгүй юм чинь чаддагаар нь хуулиа өөрчлөх болжээ. Үүнийг хариуцлагагүйн зуд нүүрлэжээ гэхээс өөрөөр нэрлэхээс яахав_ Одоо тэгээд шинэ он гарахаас өмнө Засгийн газар төсвийн төслөө дахин шинэчлээд УИХ-д өргөн барьж, улмаар УИХ дөрвөн шатны хэлэлцүүлгээр хэлэлцэж батлах ёстой. Улсын төсвийг баталсны дараа орон нутгийн ИТХ-ууд хуралдаж, орон нутгийнхаа төсвийг батлах ёстой ч мөн л хүлээлтийн байдалтай байна.
Асуудлыг ийм байдалд хүргэсэн буруутнууд тэгвэл хэн бэ? Тэдэнд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?
Төсвийн бүтэлгүйтлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Засгийн газар, байнгын хороо, ажлын хэсгийн хүрээний аль нэгэнд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Ажлын хэсэгт нь байсан гишүүд гарч ирж улс төр хийгээд дараагийн ажлын хэсэгт нь орж ажиллана гэвэл логикийн алдаа болно шүү” хэмээсэн.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Б.Жавхлан. Төсөв оруулж ирэхэд нь гишүүд, сэтгүүлчид, эдийн засагчид нь бүгд л болохгүй байна гээд байхад “болж байна” гээд зүтгээд байсан. Хориг тавиулчихаараа “харин тиймээ” гээд сууж байна” хэмээн бичсэн.
Тэгвэл төсвийн эхний хэлэлцүүлгүүд дээр гишүүдийн гаргасан саналаар огт санал хураалгаагүй гэсэн шүүмжлэлийн бай болсон Ц.Даваасүрэн “Төсөв хэтэрхий өссөн нь үнэн. Сая төсөв орж ирэхэд бүгд чимээгүй байцгаасан. Дан ганц нүүрснээс хамаарч байна, үнэ унавал яах вэ гэж би зөндөө хэлсэн. Байнгын хорооны ажлын хэсэгт төсвийг хасч оруулж ирээрэй гэж даалгасан. Мань мэтийг хэлэхэд таг байснаа Төрийн тэргүүн хэлэхээр хүлээж авлаа. Нэг арьсны ард арван нүүр гаргаж чаддаг, Монголын төрийн хорт хавдар шүү дээ” хэмээн өөрөөсөө бурууг займруулах. Энэ асуудал дээр буруутныг тогтоож хариуцлага хүлээлгэх цаг болсон. Гэвч дарга нар чимээгүй л байцгаана.
Өдийд улсын төсвөө баталчихсан, аймаг, нийслэл ирэх жилийнхээ төсвийг хэлэлцээд батлах нь батлаад, өвлийн хахир хатууг туулах бэлтгэлээ жин тан болгочихсон байх ёстой. Гэвч энэ жил тэгэж чадсангүй. Тиймээс төсөв боловсруулж, батлах ажилд хариуцлагагүй хандсан ядаж нэг албан тушаалтанд хариуцлага тооцчихоод дахин хэлэлцвэл алдаа мадаг дахиж гарахгүй байх сан. Гэвч тэгэхгүй нь бололтой. Алдагдал ихтэй төсөв боловсруулсан Сангийн сайд Б.Жавхлан дахиад л төсвөө боловсруулна, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн дахиад л ажлын хэсэгтээ маапаан хутгах нь ээ.
Уг нь Засгийн газар талаасаа Б.Жавхланд, УИХ талаасаа Ц.Даваасүрэнд хариуцлага тооцчихоод төсвөө дахин хэлэлцсэн бол…?