“Эм Би Жи” эмнэлгийн Харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, хөгжим судлаач, дэд профессор Гэндэнгийн Ганцэцэгтэй хөгжмийн боловсролын сэдвээр ярилцлаа.
ХӨГЖИМД ОЙР ХҮН БУРУУ ЯВДАГГҮЙ
-Хөгжмийн боловсролд юу юуг хамруулах вэ?
-Хөгжмийн боловсролын талаар ярихаасаа өмнө ер нь боловсрол гэж юуг хэлэх вэ, боловсрол гэдэг том агуулга нь амьдралд яаж бууж байгаа вэ. Боловсролын тогтолцоог сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, их дээд сургууль, насан туршийн боловсрол гэж тогтоосон. Хүн насан эцэс болтлоо суралцдаг гэдэг чинь боловсролын талаарх нэг гарц, гаргалгаа нь.
Боловсрол гэдэг үгийнхээ суурь утгыг ч бодож үзмээр. Олон шатны боловсролын байгууллагыг дамжсан, хоёр, гурван хэлтэй хүн л боловсролтой юм уу. Эсвэл ургийн боловсрол, гэрийн хүмүүжил нь анхан шатны боловсрол юм уу. Гэр бүлийн боловсрол, ургийн боловсролын талаар хэд хэдэн ном, бүтээл туурвисан сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байсан.
Хүн ухаарахын төлөө л явдаг учраас ийм хүмүүстэй ажиллаж байснаараа би азтай хүн. Миний багш Н.Жанцанноров “Боловсрол гэдэг бол асар том чадварыг олгодог хүчин зүйл юм” гэж тодорхойлж хэлсэн. Тэгэхээр боловсрол гэдэг бол ямарваа нэг зүйлийг чаддаг болох чадварыг хэлээд байна.
Сүүлийн үед дэлхий даяар дандаа чадамжийн тухай ярьж байгаа. Эндээс хамгийн тод яригдаж байгаа нь ерөөсөө л сэтгэлийн боловсрол, урлагийн боловсрол, хүнд сэтгэлээсээ хандах чадвар. Манайхан soft skills гээд ярьдаг. Монгол дээр зөөлөн ур чадвар орчуулсан нь хэр оновчтой юм бол. Сэтгэлийн боловсрол гэвэл илүү дөхүү ч юм уу.
Хөгжмийн боловсрол гээд авч үзье. Хөгжмөөр хүнд ямар нэгэн чадварыг эзэмшүүллээ гэж бодьё. Тэр чадвар нь хүнийг аз жаргалтай, сэтгэлтэй, хүнийг хайрладаг болгох юм бол тэр боловсролыг эзэмшсэний хэрэг гарах гээд байгаа юм.
Хүмүүс үгийн суурин дээр нэлээн ажилладаг болж эхэлж байна. Хөгжим гэдэг үгийн язгуур нь хөг, тэгээд жим байгаа биз дээ. Тэгэхээр хөг аялгууны жим яваад байгаа биз. Тэр жимийг л чадвар болгож чадвал тэр хөгжмийн боловсрол аяндаа бий болно. Боловсролоор олж авсан чадвар эцсийн дүндээ харилцаатай уягддаг. Хүн гэдэг чинь харилцааны л амьтан. Харилцаа нь үг хэлээр дамжина.Тэр харилцаанд хөгжмийн боловсрол, эсвэл боловсрол ямар үүрэгтэй шигтгэж орж байна гэдэг л чухал.
Хөгжмийн боловсрол эзэмшиж, олон жил хөгжимтэй холбоотой яваа хүний хувьд хэлэхэд хөгжимд ойр хүн буруу явдаггүй. Хүний тархи ердөө 1.5 кг л жинтэй хэрнээ бүхнийг удирдаж байна. Тархийг зөв удирдахад хөгжим хамгийн их нөлөөтэй.
Хөгжим хүмүүст яаж нөлөөлсөн бэ гэдэг өнгөрсөн зууны хамгийн том жишээг эрдэмтэд судлаад гаргасан. Симфони найрал хөгжмийг хөглөдөг ля эгшиг гэж байдаг. Ля эгшиг дуугарахад тэр олон хөгжимчид тэр эгшгээр хөгжмөө хөглөдөг байхгүй юу. Үүнийг 440 герц (давтамж) байна гээд баталсан. Гэтэл энэ герц нь байгалийн герц биш байсан. Янз бүрийн юмны стандартыг тогтоодог Германчууд буюу тэр үеийн нацистууд 440 гэдэг герцийг 1940 онд бий болгосон. Ингээд дэлхийн II дайн хийх бэлтгэлийг хөгжмийн эгшиг авиагаар нөлөөлсөн гэж үздэг. Хүний оюун, сэтгэхүйд нөлөөлдөг тэр зэвсгийг бариад авсан байгаа юм. “Үг хүнд гай ч дуудна, гайхамшиг ч бий болгоно” гэдэгтэй хөгжим яг адилхан. Одоо бол байгалийн герц нь 432 гэдэг нь дэлхий нийтээр батлагдсан. Хүний зүрх сэтгэлд хамгийн ойр, хамгийн хурдан очиж болох нь хөгжмийн тансаг ая, аялгуу, эгшиг юм.
Хүнийг хөгжмөөс ангид үзэх ямар ч боломжгүй. Гол нь хүнд хөгжим хэрхэн яаж нөлөөлж байна вэ? Ер нь хөгжмийг өөрийнхөө амьдралд хэрэглэж байна уу, үгүй юу гэдгийг л зарим нь ухамсарлаагүй явж байдаг. Хөгжим надад тэгэж нөлөөлсөн юм байна гэдгийг хэлж мэддэггүй. Харин энэ хөгжим танд ингэж нөлөөлсөн байна шүү дээ гээд ухааныг нь тайлаад өгөхөөр хүмүүс ойлгодог. Тэгэхээр хөгжим хүнд нөлөөлдөг гэдэг тайлбарыг л хүнд илүү ярьж, тархи оюунд нь ойлгуулж, зүрхэнд мэдрүүлж байх хэрэгтэй. Тархи чинь өөрөө хүний сэтгэхүй, зүрх бол мэдрэхүй. Мэдэрч, сэтгэж байгаа тархи, зүрх хоёрын хоорондын нарийн холбоосыг хийгээд байгаа зүйл чинь хөгжим.
ЭХИЙН ХЭВЛИЙ ДЭХ ХҮҮХДЭД ХӨГЖИМ ГАЙХАЛТАЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГИЙГ БИ ӨӨР ДЭЭРЭЭ ТУРШСАН
-Хөгжмийн давтамж, хэмнэл нь хүний тархи, сэтгэлд хэрхэн нөлөөлдөг талаарх уялдаа холбоог тайлбарлаж өгнө үү?
-Ер нь бүх зүйл явсаар байгаад тархи, зүрх хоёр дээр л тулж байгаа юм. Зүрх зогсвол тэр амьд бодгаль зогсоно. Гэтэл тэр айхтар гол эрхтэнийг чинь тархи удирдаж байгаа шүү дээ. Жирэмсэн эхэд хөгжмийн бүтээлүүдийг сонсгоход тэр урагт эерэгээр нөлөөлж байна. Ирээдүйн хүүхдээ боловсруулья гэвэл есөн сарын турш хөгжим сонсгох хэрэгтэй. Тэнд долгион яваад байна. Би үүнийг өөрийнхөө амьдрал дээр туршсан. Гэхдээ залуу байсан болохоор урагт хөгжим сонсгох сайн гэдгийг үнэхээр мэддэггүй байж. Би хөгжмийн онолын мэргэжлийг эзэмшихээсээ өмнө төгөлдөр хуурч мэргэжлээр 12 жил сурсан.
Армянд сурч байхад хөгжмийн багш нар маань намайг жирэмсэн гэдгийг мэдэнгүүтээ “Бахын хөгжмийг тогло, Моцартыг илүү тогло гэдэг байсан. Шопений бүтээлүүдийг тогло.Хүүхдэд чинь нөлөөлнө” гээд. Тэр үед сайн давтуулж шалгалт сайн өгүүлэх аргаа олж л гэж бодож байсан. Шалгалтаа сайн өгөөд нутаг руугаа явахын тулд хүссэн, хүсээгүй Бах тоглосон, Моцарт тоглосон.
Тухайн үед надад нэг содон үзэгдэл тохиосон. Би төгөлдөр хуурчдын уралдаанд орсон. Уралдаанд орохдоо бүтээлүүдээ хөгжимдчихөөд л гараад явсан. Тэгээд номын санд дараагийн шалгалтандаа бэлдээд сууж байтал Гэндэнгийн.. гээд л дуудаад байх шиг байсан. Хөөе Ганаа чамайг дуудаад байна гээд. Тэгсэн нэгдүгээр байранд орсон байсан. Би ерөөсөө уралдаанд түрүүлнэ гэж бодоогүй. Уралдаанд орж шүүлгээ тооцуулах л юм бодож байсан. Уртаа хар тоглолтын юбканыхаа цаана гэдсээ тас нуугаад тайзан дээр гарсан байсан. Тэгээд нэгдүгээр байранд орсон хүн чинь жаахан итгэл төрөөд юбканыхаа цахилгааныг нь задлахад гэдэс маань бүлт гээд гарч ирж байсан. Тэгээд надад юу гэж хэлсэн гээч. “Чи жирэмсэн учраас энэ бүтээлийг ийм сайхан хөгжимдсөн юм байна, бид үнэхээр уярсан” гэцгээсэн. Аль өнгөрсөн зууны 90-ээд он шүү дээ. Тэгээд миний охин төрсөн. Бас л урлагийн салбар луу орсон. Ер нь маш уян хатан, амьдрах ур чадвар сайтай.
Хөгжим хэвлий дэх хүүхдэд нөлөөлдгийг өөр дээрээ баталсан хүн чинь зээ нар дээрээ бас туршчихсан. Миний зээ охин багш нь уурлавал “Та тайван бай, та суучих” гэдэг гэнэ. Багш нь уурлавал ингэнэ шүү, тэгнэ шүү гэж хэн ч хэлээгүй. Гэхдээ тэр олгогдчихсон байна. Энэ бол нөгөө герцийн давтамж, сонссон хөгжим нөлөөлсний бодит жишээ.
ХҮН ЕР НЬ ЭЕРЭГ, СӨРӨГ ГЭСЭН ХОЁР ТАЛ Л БАЙДАГ ЮМ БАЙНА
-Манайд хөгжмийн боловсрол ямар түвшинд явагдаж байна вэ. боловсролын агуулгад хэрхэн яаж туссан байдаг юм бол?
– Хөгжмийн боловсролыг явцуу ойлгоод, явцуу олгоод явчихсан алдаа бидэнд бий.Тусгай мэргэжлийн сургуулиуд дээрээ л хөгжмийн боловсролыг нарийн олгоод, ерөнхий боловсролын сургуульд дуу хөгжмийн хичээл гээд, сүүлдээ хөгжим гэдэг үгийг нь авч хаяад, дууны хичээл гэж нэг хэсэг явсан. Одоо харин хөгжмийн боловсрол гэж ордог болсон. Дуу бол үгийн баялаг сан, аялгуу эгшгийн цогц. Манай монгол дуунууд бол сургаалийн, зөвлөмжийн, түүхийн, хүндэтгэлийн гээд их олон талтай.Тэд үүргээ гүйцэтгэсэн. Дан дуугаар хязгаарлах нь өрөөсгөл. Тиймээс хөгжмийн боловсрол гэдэг том айгаар оруулж ирсэн. Хөгжмийн боловсрол тавдугаар анги хүртэл нэвт явмаар байгаа юм.
Дөнгөж 12 жилийн боловсролыг олгох талаар яригдаж эхэлж байсан цаг үед буюу 2004 онд хөгжмийн боловсролыг ерөнхий боловсролын сургуульд заах стандарт батлагдсан. Хөгжмийн боловсролын стандартад юу оруулах вэ гэдэг дээр ажиллаж байхдаа бид хүүхдэд асар хүнд онолын ойлголт өгдөг юм байна гэдгийг мэдсэн.
Үсэг, тоогоо сурах гэж ядаж байгаа нэгдүгээр ангийн хүүхдэд давхар нот заах нь зохимжгүй гэж үзсэн. Хэт олон мэдлэгийг бага насны хүүхдэд өгөх нь маш их ядраах юм байна. Тэгээд олон улсын стандартуудыг харж байгаад бага насны хүүхдэд тоглоомын аргаар хөгжмийн боловсрол хэрхэн олгох вэ, дээшээ анги ахих тусам юун дээр тулгуурлах вэ гэдэг стандарт батлагдсан. Тэгээд нэг хэсэг ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарт олон цагийн сургалт орж, яг энэ стандартыг хэрэгжүүлэхийн төлөө нэлээд ажилласан.
Тэгэхэд юу ажиглагдсан бэ гэхээр нэгэнт батлаад өгсөн сурах бичиг, багшийн гарын авлага, зөвлөмж нь бэлэн болчихлоо. Энэ суурин дээр багш өөрөө сэтгээд, боловсруулаад, баяжуулаад заах асуудал алаг, цоог байдаг юм билээ. Ер нь бол агуулга нь энэ, та энэ агуулгыг өөрийнхөөрөө баяжуулаад, дэлгэрүүлээд заагаарай гэхээр манайхан агуулгаа л заагаад байдаг. Мэдээж массаараа биш л дээ. Гэхдээ л ерөнхийдөө тийм хандлагатай.
Ер нь хүнийг судлаад, хараад байхад их амархан юман дээр л хүн хоёр талд байдаг юм байна. Эерэгүүд нь бүтээгээд явдаг юм байна. Энийг болгоно, хийнэ гээд явдаг. Ядаж “үгүй” гэдэг үг нь цөөхөн. Хамтраад хийе, бүтээе. Энийг оролдоод үзье гэдэг. Нөгөө сөрөгүүд нь болохоор “Болохгүй ээ, болохгүй наадах чинь” гээд хэзээ ч юм хийдэггүй. Бүр яг ингээд хуваагдчихаад байгаа юм.
Одоо бол “тэгэхгүй ээ, ингэхгүй ээ” гэдэг нь ихсээд байх шиг. Тархины үйл ажиллагаатай нь холбоод харахаар нэг тогтмол давтамжтай хүмүүс сөрөг байгаад байна. Давтамж өсөлттэй, янз бүрийн зүйлийг боддог хүмүүс нь эерэг байгаад байна. Монголчууд хэлдэг шүү дээ. “Билгийн мэлмий нь нээгдсэн хүү байна аа” гэж. Тэгээд тэр билгийн мэлмий хаана байгаа юм бэ. Хоёр нүдний голд нүд зурах утга биш байхгүй юу. Урд тархи хөгжсөн талаар хэлж байгаа юм.
Урд тархи бол гайхалтай. “Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой” гээд ярьдаг. Хийх гэж байгаа, бүтээх гэж байгаа хүн бол маш их сэргэг байдаг. Сүүлийн үед “сэрэнгэ” гэж яриад байдаг болсон. Ер нь давтамж, долгионтой хөгжим сонсдог хүний урд тархи гайхалтай хөгжсөн байдаг. Урд тархи нь хөгжсөн хүн сайн явдаг.
Би нэг жишээ хэлье.Гурван шинжийн багш байна. Логик сэтгэлгээтэй. Ийм багш дэс дараалал сайтай сэтгэдэг, төлөвлөлт сайтай гэсэн үг. Нөгөөх нь мэдрэмжтэй багш. Нөгөөх нь сайхан сэтгэлтэй, ёс зүйтэй багш гэнээ. Энэ гурван багшийг дагасан хүний амьдрал яаж өөрчлөгдөж байна вэ гэдгийг судлаад гаргасан байна. Логик сэтгэлгээтэй багштай хүн бол амьдралдаа ерөөсөө алдаа хийдэггүй гэнээ. Алдаа хийдэггүй, бүх юм яг байрандаа. Энэ сайн уу, сайн. Хор хийдэггүй л бол сайн шүү дээ. Яахав, нэг хайрцаган дотроо тэгээд явах нь. Мэдрэмжтэй багштай хүн хувьсан өөрчлөгдөж байдаг. Хүнлэг, ёс зүйтэй багштай хүн насан туршдаа сайхан амьдарна гэнэ. Хүн алийг нь сонгох вэ гэвэл хүн насан туршдаа аз жаргалтай амьдрахыг л сонгоно шүү дээ.
ХҮНИЙ ЭХЛЭЛ, ТӨГСГӨЛ ЯГ ХӨГЖМИЙН БҮТЭЭЛ ШИГ
-Залуучууд их хэмнэлтэй хөгжим сонсдог. Ийм хөгжим тэдэнд яаж нөлөөлдөг бол?
-Залуучууд маш их хэмнэлээр нүдсэн хөгжмийг маш чангаар сонсох бол хэвийн зүйл шүү дээ. Залуу насныхаа багтаж ядаад байгаа их эрч хүчээ аргагүй тэгж гаргаж байгаа нэг хэлбэр.Залуу хүний зүрхний цохилт ч хурдан цохилно шүү дээ. Бид бол аажим. Амьдралын олон зүг чигийг үзчихсэн хүн чинь юмыг харах хандлага нь өөр. Ёстой нөгөө барын аманд гараа хийхээс буцахгүй залуучуудыг оргилуулаад, булгилуулаад байгаа зүйл чинь хөгжмийн хэмнэл. Хэмнэл гэдэг чинь өөрөө давтамжууд. Биднийг тийм дүн,дүн гэдэг юман дээр таван минут байлгахад хамаг зүрх дэлсээд “За больё” гээд давчдаад эхэлдэг шүү дээ. Хүний бие цогцос өөрөө юм хүлээж авдаг чадамжтай гэсэн үг. Үүндээ тааруулж юмыг хийх хэрэгтэй гэсэн үг. Хүний алхааны хурд ч тийм. Залуус бол зүгээр алхаж байхдаа л хурдан биз дээ. Тэгэхэд бидний насныхан өөрийнхөөрөө хурдаар. Настай хүн бол бүүр удаан явж байна шүү дээ.
Давтамж, хурд, хэмнэлийг хүний бие өөрөөрөө хэлээд байна. Энийг анзаарах ёстой. Хн, энэ муу хөгшин гээд байх юм байхгүй. Хүн болгон хөгширнө, тэр насан дээр очно шүү дээ. Хүн болж, дөнгөж амь аваад дээшээ 25,30 хүртэл нэлээн өснө. Тэгээд аяндаа бага багаар буугаад дөнгөж төрсөн болон энэ хорвоогоос явах гэж байгаа амьдрал хоёр нэг шугаман дээр л ирж байгаа. Энийг ер нь төгс ойлгочих хэрэгтэй.
Хэд наслаад өнгөрөхийг хэн ч таахгүй. Гэхдээ л хүний эхлэл, хүний төгсгөл хоёр нэг шугаманд ирнэ. Дундаа бол өрнөлтэй байна. Энэ яг хөгжмийн бүтээл. Хөгжмийн бүтээл эхэлдэг. Өрнөдөг. Тэнд бол хачин гоё оргилно. Эргээд тэр хөгжмийн бүтээл дуусна. Шувтраад алга болно. Амьдрал яг ийм. Энэ амьдралд хөгжим яаж нөлөөлөх вэ гэдэг дээр хөгжмийнхөн бидний оролцоо, нөлөөлөл чухал үүрэгтэй юм даа.
Соёл урлагийн боловсролын салбарт нэлээд олон жил ажиллахдаа алдсан юм ч байна, оносон нь ч байна. Сүүлийн жилүүдэд зөвхөн боловсрол гэх биш, хүнийг бүтнээр нь цогцлооход юу хэрэгтэй юм бэ гэдэгт би нэлээд эрэл, хайгуул хийсэн. Одоо бол эрүүл мэнд, анагаахын салбарт ажиллаж байна. Нэг жарныг туулаад дараагийн жарандаа дахин өөрийгөө сорих боломж гарсан. Хүн болгон өөрийгөө сорьж чадна. Гагцхүү өөртөө итгэлтэй, өөрийгөө тоодог, өөртөө хайртай байх гэдэг их чухал.
-Эрүүл мэндийн салбарыг хөгжмийн эгшиг, аялгуутай холбоно гэдэг сонирхолтой сонсогдож байна. Үр дүн нь ямар байна вэ?
-Би СУИС-д ажиллаж байхдаа олон эмнэлэгтэй хамтын ажиллагаа үүсгэсэн. Хүнийг урлагаар, хөгжмөөр анагаах гэдэг бол дэлхий даяар хийгддэг зүйл.Манайд жаахан хожуу буюу сүүлийн 10-аад жил яригдаж байна. Анх үүнийг ярих сэдлийг өгсөн хүн бол Монгол Улсын гавъяат эмч, судлаач Ямаахай эгч маань. Надаас хөгжмийн тухай их асуудаг. Манай нэлээн хэдэн хөгжмийн зохиолчтой уулзаад, тэдний бүтээлүүдийг албан ёсоор аваад хүнд сонсгоод, туршаад оюуны өмчөө авсан. Бас “Хөгжмийн увидас” гээд хоёр, гурван ном бичсэн. Тэр үеэс хөгжим хүнийг анагаадаг юм байна гэдгийг бүр зорилтот ойлгоод бид хоёр нэлээн ойр ажилласан. Гэхдээ би тэр хүнд л зөвхөн мэдээлэл өгч, тусалж ажилласан. Явсаар байгаад энэ салбарт алхам алхмаар орсон. Өнөөдөр хэд, хэдэн эмнэлэгт “Хөгжмөөр анагаахуй” гэсэн төсөл хэрэгжиж байгаа. Хамгийн түрүүнд ХСҮТ эхлүүлсэн.Одоогийн УИХ-ын гишүүн Чинбүрэн ХСҮТ-ын дарга байхад бид ярилцаад анх энэ ажлыг эхлүүлж байсан.
Анх ХСҮТ дээр очиход нэг тийм харанхуй, бачуурмаар орчин хүлээж авсан. Тэгээд эндээс л эхлэх юм байна гэж ойлгосон. Одоо ХСҮТ гэгээлэг, хүн үйлчлүүлэхэд таатай орчин болсон байна лээ. Нэг хэсгээ урлагийн хэсэг болгож тохижуулаад “Монос”-ийнхон төгөлдөр хуур авч тавьсан.
Тэгээд гурав дахь өдөр болгон 11-12 цагийн хооронд “Хөгжмөөр анагаахуй” гээд тогтсон өдөртэй болж, бүх мэргэжлийн урлагийн байгууллагынхан оролцдог болсон. Бидний хөгжимддөг чадвар өвчтэй хүний бие, сэтгэлийг эрүүлжүүлэхэд нэмэртэй байх нь.
Анх мэдээж ажил эхлүүлэхэд төвөгтэй байсан. “Та нар биднийг өвчин зовлонтой байхад баярлаж цэнгэлээ, бидний мөнгийг буруу зүйлд зарцууллаа. Юун хөгжим бэ, өвдөж үхэх гэж байхад чинь” гээд л сөрөг зүйлүүд их гарсан. Бид нэг ч төгрөгийн үнэ хөлс аваагүй. Энэ бол зөвхөн хүн хүндээ сайн үйлсийн аян. Алсдаа тэр уур бухимдал нь арилж, одоо бол хүмүүс гурав дахь өдөр болгон өөрсдөө ирж, хөгжим сонсдог болсон. Мэргэжлийн урлагийн байгууллагынхан сар сараар хариуцаад явдаг.
Би тэнд ямар зөвлөгөө өгсөн бэ гэхээр чавхдаст хөгжим хүний зүрхэнд илүү хүрдэг юм байна. Хүний зүрх, тархи хоёр хоорондоо холбогдсоноор билгийн мэлмий нээгдэж, хүний энэрэхүйд нөлөөлдөг юм байна. Морин хуур, их хуур, ятга, шанз, ёочин гэх мэт чавхдаст хөгжмийн бүтээлүүд хүний биед нөлөөлөх нь илүү өндөр байдаг гэнэ. Цохиур бөмбөрийн хурдан хэмнэл нь хүний цусны эргэлт, урсацыг сайжруулдаг юм байна. Ийм хөгжмийг залуучууд сонсоход ямар нэг нөлөөгүй, харин хөгшчүүд сонсоход л зүрх нь дэлсэнэ. Тиймээс ямар хүнд, ямар үед нь ямар цохилготой хөгжим сонсгох вэ гэдэг хүртэл өөр өөр байна. Төгөлдөр хуур тогловол бамбай булчирхай, бөөр, нурууны үйл ажиллагаанд сайн гэнэ. Төгөлдөр хуур тоглож байгаа хүн нуруу цэх сууж тоглодог. Нуруу цэх байна гэдэг чинь сайхан шүү дээ. Манай уламжлалт соёлд хүнийг цэх суулгах олон арга, ухаан байсан. Жишээ нь, бие биелгээ хүнийг цэх суулгадаг. Гутал хувцас хүртэл учиртай. Монгол гутал өвдөг хүртэл өндөр, хатуу түрийтэй байдаг. Монгол гуталтай хүн явган суухад маш эвтэйхэн. Зөв суулгаж байна шүү дээ.
Манай эмнэлэг рүү ороход дандаа сонгодог хөгжим явдаг. Хүлээж авах хэлбэлзлийн хэмжээгээр нь дууны өндөр намыг тохируулчихна. Тэр хөгжмийг сонсож байгаа, сонсохгүй байх хамаагүй. Хүссэн, хүсээгүй бие махбодь тэр хөгжмийг хүлээж аваад анагаагаад явж байгаа гэсэн үг. Хөгжмөөр анагаана гэдэг нь “Одоо энэ хөгжмийг сонс, яаж байна” гэж тулгах биш. Бие сэтгэлийг зөөлөн аргаар, аажмаар дасгах хэрэгтэй.
Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд залуучууд чихэвч их хэрэглэж байна. Технологио дагаад зөөлөн дуугаар сонсох нь зөв.Чихэвчээр хэт чанга сонсоно гэдэг нь тархи руугаа чанга дуугаар дэлсээд байгаа юм. Ийм нөхцөлд тайван байх арга байхгүй. Нийгэм биднийг стрессдүүлж байна гээд л байдаг. Уг нь бид өөрсдөө нийгмийг бүтээгчид нь. Нийгэм буруутай гээд байгаа бол нөгөө л сөрөг нь давамгайлсан хүмүүс. Тиймээс та өөрийнхөө тайван байх таатай боломжийг яаж бүрдүүлсэн бэ гэдгээ л бодох хэрэгтэй.