Бүрэн ялсан МАН арай ч эвслийн Засгийн газар байгуулах асуудлыг ярихгүй байх   

УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 68, АН 42, ХҮН 8, ИЗНН 4, “Үндэсний эвсэл 4 гишүүнтэй болоод байна.

Эрх баригч МАН болоод гол сөрөг хүчин АН-аас сонгогдсон хүмүүс аль бүлэглэлийн хэний хүмүүс гэдэг нь сонирхол татаж байна.

МАН-аас сонгогдсон 68 гишүүний 50 тойргоос, 18 нь жагсаалтынх. Тэднийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс хэмээнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойр орчмоос тойрогт нэр дэвшигчдээс С.Лүндэг, С.Мэндсайхан, Т.Мөнхсайхан, Ж.Энхбаяр, түүний төрсөн дүү У.Отгонбаяр ялалт байгуулсан. Мөн Б.Батцэцэг, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Б.Заяабал, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал нар ч түүний талд гэж тооцох боломжтой.

Д.Амарбаясгалангийн хүмүүс С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир гээд үргэлжилнэ. Харин Л.Оюун-Эрдэнийн хүмүүст Дорнод тойргоос сонгогдсон Ц.Идэрбат, М.Ганхүлэг, баруун тойрогоос сонгогдсон Ховдын засаг дарга Э.Болормаа, М.Соронзонболд. Мөн жагсаалтаар орогчид Л.Оюун-Эрдэнийн талд кнопдох болно.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг АН дахь Х.Баттулгынхантай нийлж засаг байгуулна гэх яриа бүр өнгөрсөн жилээс хойш салаагүй.

Сонгуулийн дүнэгээр МАН бүрэн ялаад байгаа ч уг тохиролцоог хэрэгжүүлбэл МАН-ын гишүүдийн дундаас маш том эсэргүүцэл гарч мэдэх юм. Сонгуулийн ялалтын төлөө намаараа,   итгэл үнэмшилдээ үнэнч гишүүд нь байнга зүтгэх ч намын толгой дээрх хэдэн дарга нь эргэн тойрныхноо, гэр бүлийнхнээ, найз нөхдөө л татахаас гишүүдээ хаядагт байнга гомдолтой явж байгаа.

Тиймээс өөр намынхантай тэр тусмаа Монгол улсын хөгжлийг гацаагч хэмээгддэг Х.Баттулга нартай нийлж Засгийн газар байгуулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэн уур амьсгалтай байгаа.

Ийм яриа гарч буйг анзаарсан уу, “Датаком”-ын Д.Энхбат твийтэр хуудсандаа:

“ Одоо Эвслийн засаг гээд Зөвшилцөл байгуулчих эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, хуулиас дээгүүр “бүлгийн” тохироо хийж, Парламентийн ёс, зарчмаас ухрах эрсдэл. АН-ын уналт чухам тийм Зөвшилцөл, “62-ын бүлгээс” эхтэй бсан. Түр зуурын, хувийн ашигт хашигдсан тэр тоглолт нь АН-ын доройтлын эхлэл болсон. “Зөвшилцөл” нь МАН-ы “өгөөш” бсан. Хуулиас дээгүүр “Зөвшилцөл” бол хамтын дарангуйллын хэлбэр, Эйн Рэндийн хэлснээр Фашизмын зүгт хийх алхам юм” хэмээн бичжээ.

Өмнө нь С.Баяр 2008 онд  “Стандарт бус” Засгийн газрыг АН-тай хамтарч байгуулаад Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдоржийг сонгуулж, Оюутолгойн гэрээг байгуулж байсан. Тэгээд өөрөө  Ерөнхий сайдын суудлаа  Сү.Батболдод өгөөд АНУ-д эмчлүүлэхээр явсан. Тэр цагаас МАНАН бүлэглэл  биежсэн гэдэг.

Одоо Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарыг хоёр дахь МАНАН-гаа биежүүлэх гэж байна хэмээн хардаж байгаа юм.

АН-ын тухайд тойргийн 78 мандатаас 25, жагсаалтаас 16 суудал авч байна.

АН-ын дарга нь Л.Гантөмөр хэдий ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын хайчин гал дундуур нэр дэвшигчдээ тодруулахаас эхлээд “гал, усны гашуун зовлон”-г тууллаа. АН халаагаа өгч буй 76 гишүүнтэй УИХ-д 11 суудалтай байсныг бодвол 126 гишүүнтэй УИХ-д 42 гишүүнтэй болж амжилт гаргасан. Гэвч Л.Гантөмөрийг ахиц гаргасан гэхээс ялагдуулсан хэмээх буруутгалаар булж байна.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд Засгийн газарт хамтрах, парламент дахь бүлгээ өөрсдийн хүмүүсээр бүрдүүлэхээр дэвшсэн нь тодорхой билээ. Үүний тулд Ерөнхий сайд болон түүний ах Hero Баатартай  нийлж Ц.Элбэгдоржийг хавраас эхлээд сонгууль дуустал балбаж байгаа билээ. Гэхдээ АН-аас сонгогдсон 42 гишүүдийн дунд Ц.Элбэгдоржийн талынхан цөөнгүй байна. Жагсаалтад ч тэд бий.

Тойргоос сонгогдсон хүмүүс дунд Х.Баттулга өөрөө,  С.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, Н.Алтанхуяг нар Х.Баттулгын талд кноп дарна. Жагсаалтынхнаас гэвэл  Ө.Шижир, Г.Очирбат нар түүний талд найдвартай зогсоно.

Ц.Элбэгдоржийн талд Д.Пүрэвдорж, С.Эрдэнэболд, Ц.Баатархүүгээс эхлээд жагсаалт дахь Э.Одбаяр, Х.Тэмүжин, А.Ганбаатар гээд үргэлжилнэ. Аль аль талуудын хүч нэлээд тэнцүүдүү орсон учир аль нэг нь нөгөө намтайгаа нийлж хүч түрж чадахааргүй харагдаж байна.

Засгийн газраа байгуулах талаарх МАН-ын Бага хурал дээр асуудлуудыг шийдэх байх.

 

О.Ганхуяг

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn