Э.Батшугар:Хиймэл оюуны нэвтрэлттэй холбоотой аюулгүй байдлыг хангах талаар хэлэлцлээ

Кибер аюулгүй байдлын зөвлөл, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал болон Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төв хамтран “Хиймэл оюун — кибер аюулгүй байдал” сэдвийн хүрээнд Кибер тусгаар тогтнол форум–2025-ыг гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Форумыг нээж ЦХИХХ-ны сайд, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Э.Батшугар үг хэллээ.

Тэрээр “Энэ удаагийн форум хиймэл оюуны нэвтрэлттэй холбоотой аюулгүй байдлыг хангах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Форумаас гарсан санал, дүгнэлт нь Засгийн газраас дэвшүүлсэн Digital First уриалгыг хэрэгжүүлэх, салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно” хэмээн онцолжээ.

Харин Кибер аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн мэдээнд “ITACTIC” арга хэмжээ бол бидний дижитал шилжилтийн бодлого, инновацын экосистем юу хийж чаддаг, хаашаа тэмүүлэхээ харуулдаг стратегийн индикатор юм.

Кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах, онц чухал дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулах чиглэлээр бид тасралтгүй арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” хэмээн мэдээллээ.

Өнөөдрийн форумд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал С.Ганбямба нар хүндэт зочноор оролцож, кибер орчин дахь эрсдэл, хиймэл оюуны хурдацтай хөгжил, тэдгээрийн үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар онцлон дурдав. Форумд  төрийн байгууллага, хувийн хэвшил, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ болон мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд, онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудын төлөөлөл болох 280 гаруй мэргэжилтэн, албан хаагчид оролцлоо

Хиймэл оюуны хөгжилтэй зэрэгцэн бий болох шинэ төрлийн эрсдэл, сорилтыг тодорхойлох, үндэсний кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой энэхүү арга хэмжээ нь салбарын мэргэжилтнүүдийн үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

Эх сурвалж: Кибер аюулгүй байдлын зөвлөл

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn