Соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраа агсны 100 жилийн ой энэ онд тохиож байна

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Соён гэгээрүүлэгч, Урлаг судлаач, Ардын билэг зүйч, Яруу найрагч Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн тэгш ой энэ жил тохиож байна.
Уг түүхт ойн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар “Жамцын Бадраа” сангаас санаачилж, өчигдөр Монголын Театрын музейд Ж.Бадраагийн амьдрал, уран бүтээлээс харуулсан үзэсгэлэнгийн нээлтээр эхлүүлжээ.

Ойн арга хэмжээний хүрээд:

– Монголын Театрын музейд 2026 оны 03 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд Ж.Бадраагийн амьдрал, уран бүтээлээс харуулсан үзэсгэлэн дэлгэгдэнэ,
– Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Сургуульд зохион байгуулагдана.
– Ж.Бадраагийн шүлэг, Ц.Намсрайн хөгжим “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр болно.
– Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театраас Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж, түүний орчуулсан “Евгений Онегин” дуурийг 2026 оны 03 дугаар сарын 21, 22-ны өдрийн 17:00 цагт уг дуурийг тоглоно.

Ж.Бадраагийн үйл хэргийн жин дарах хэсгийг ардын билиг зүй, хөгжим судлал эзлэх бөгөөд “язгуур урлаг”, “уламжлалт сонгодог урлаг” гэсэн ангилал, уртын дуу, хөгжмийн төрөл зүйлийг ангиллын судалгааны шинжилгээний эргэлтэд нэвтрүүлсэн байдаг.
Түүнчлэн өнөөгийн бидний хэрэглэж хэвшсэн төгөлдөр хуур, хийл, дуурь, бүжгэн жүжиг, яруу тунгалаг найрал хөгжим зэрэг олон арван нэр томьёог монгол хэлнээ орчуулан нэвтрүүлжээ.

ЖАМЦЫН БАДРАА

Ж.Бадараа 1926 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын төв Жалханзын хүрээнд төржээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн (1992 онд), ардын билиг зүйч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч, ардын урлаг судлаач.

Ж.Бадрааг төрөхөд нь эцэг эх нь Бадрангуйцогт гэж нэр өгчээ, сүүлд товчилж Бадраа болсон гэдэг.

1950 онд Монгол Улсын Их Сургуулийг хэл бичиг, утга зохиолын мэргэжлээр төгсөөд улмаар 1958 онд Дели хотын Энэтхэгийн соёлыг судлах олон улсын хүрээлэнд хинди, санскрит хэл чиглэлээр сурсан. Дээд сургуулиа төгсөөд Мөрөнд нэг жил багшилж байгаад, Улсын радиогийн хороонд урлаг, уран сайхны редакцид ажиллсан байна. УИХ-ын дептатутаар сонгогдож байжээ.

1959 онд хэлмэгдэж, Ховд аймагт ажиллаж, яруу найраг, утга зохиол судлал, өгүүлэл зэрэг төрөл бүрийн нийтлэл, материалдаа судалгаа хийж байсан.

“Хөгжмийн нэр томьёо” (1956) болон “Монгол Ардын хөгжим” (1998) нэг сэдэвт бүтээл, дууны яруу найргийн 300 орчим бүтээл туурвиж “Уяхан хорвоон хань” (1970), “Чандмань эрдэнэ” (1989), “Халуун элгэн нутаг минь” (2006) эмхэтгэл хэвлүүлсэн бөгөөд “Халуун элгэн нутаг” дуу нь XX зууны манлай дуугаар өргөмжлөгджээ. Монгол ардын дуу, хөгжмийн түүх, уламжлал, онолын асуудлаар 60 гаруй шүүмж, өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна. “Сүнжидмаа” дуут бүжгийн цомнол, арав гаруй найраглал бүтээсний зэрэгцээ орос, итали, хинди хэлнээс “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Тоска” дуурь болон Таагүүрийн “Өргөлийн дуулал”, “Цусан тахилга” жүжиг, уран сайхны кино, дууны шүлэг хэдэн арвыг орчуулжээ. Кэмбрижийн их сургуулийн Андреа Никсоны “XIII-XVIII зууны Монголын хөгжмийн нэр томьёо” (1988) докторын судалгааны ажил, Шон Хинтоны “монголын уртын дууны бичлэг, дүн шинжилгээ” (1990) магистрын ажлын зөвлөхөөр ажиллаж байсан байна.

Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх”, “Эртний сайхан” чуулга, МУИС-ийн Ардын ураг судлалын тэнхимийг санаачлан үүсгэн байгуулжээ. Монгол улсын бүх аймаг сумдаар явж ардын билиг авьяастныг судлан сурвалжилж “Ардын дуу хуур” телевизийн цуврал нэвтрүүлэг хийсэн юм. “Монгол хөөмэй” (1983), “Цацал” (1985), “Ингэн эгшиг” (1987), “Уртын дуу” (1989), “Дэмбээ мань даа хө” (1991) телевизийн баримтат киноны зохиол бичсэн нь олон улсын наадмаас тэргүүн шагналууд хүртэж байжээ.

“Бүх ард түмний язгуур урлагийн анхдугаар үзлэг” (1983), олон улсын наадам, симпозиумыг эх орондоо зохион байгуулж АНУ-ын Азийн нийгэмлэгтэй хамтран Монголын ардын урлагийн аялан тоглолт (1987) АНУ-ын хэд хэдэн хотод зохион байгуулжээ.

1988 онд Их Британи Умард Ирландын Вант Улсын Кэмбрижийн Их Сургуулийн Хөгжмийн тэнхим “XIII – XVIII зууны үеийн монголын хөгжмийн нэр томьёо” (Mongolian musical terminology from 13th to the 18 century) гаргасан бол зохиогч, судлаач хатагтай Андреа Никсон (Andrea Nixon) нь энэхүү зэрэг горилсон бүтээлээ “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улаанбаатар хотын Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны Жамцын Бадраад зориулав. Түүний туурвисан “Хөгжмийн нэр томьёо” (1956) ном бүтээл нь монгол ардын хөгжмийг үргэлжлүүлэн судлах миний онгодыг хөглөсөн бүлгээ” гэсэн байдаг гэжээ.

Ж. БАДРААГИЙН ШҮЛГЭЭР БҮТСЭН ДУУНУУД:

“Халуун элгэн нутаг” (Хөгжим Ц.Намсрайжав)
“Сүлд модны наадам” (Хөгжим С.Гончигсумлаа)
“Жаргаах зүрхэн” (Хөгжим С.Гончигсумлаа)
“Гоёхон чимэг юм уу даа” (Хөгжим Г.Бирваа)
“Зандан шоо” (Хөгжим Г.Бирваа)
“Мэндчилгээний дуу” (Хөгжим Г.Бирваа)
“Намрын шөнө” (Хөгжим Г.Бирваа)
“Охидын уянга” (Хөгжим Д.Лувсаншарав)
“Гайхмаараа” (Хөгжим З.Батсүх)
“Найрсаг байгаасай (Хөгжим З.Батсүх)
“Багшаа дуулъя” (Хөгжим Ш.Эрдэнэбат)
“Энгийн биш нүд” (Хөгжим Лха.Дорж)
“Сэрүүн саран” / “Сэрүүн саранд” (Хөгжим Г.Алтанхуяг)
“Их наадмын Сочи” (Хөгжим Г.Алтанхуяг)
“Цэнхэр залаа” (Хөгжим С.Баатарсүх)
“Орь залуу нас” (Хөгжим Т.Насанбуян)
“Чандмань эрдэнэ” (Хөгжим Н.Жанцанноров)
“Уяхан хорвоон хань” (Хөгжим Б.Бадрууган)
Ж.Бадраа нь 1978 онд бүтсэн “Учралын уянга” телекино концертын зохиогч юм

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn