Анхны “Ардын зураач” Ү.Ядамсүрэнгийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Алдарт “Өвгөн хуурч” зурагаар нь хүн бүр мэдддэг  Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын зураач, Угсаатны зүйч Үржингийн Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн хүрээнд “Амар аясгалан” уран бүтээлийн үзэсгэлэн аравдугаар сарын 24-ний өдөр 16:00 цагт Монголын уран зургийн галерейд нээлтээ хийх гэж байна.

Монголын анхны Ардын зураач цолны эзэн Ү.Ядамсүрэнг  орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг  гэж зүй ёсоор хүлээн зөвшөөрдөг.

Тэрээр 1941 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж 50 гаруй хөрөг зурж, ардын гар урлал, эдийн соёлтой холбогдсон 400 гаруй зураг зуржээ. Түүнийг “Өвгөн хуурч” зургаар нь хүмүүс илүүтэй мэддэг билээ.

Үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөг болон Ү.Ядамсүрэн сангийн архивт хадгалагдаж буй ховор бүтээлүүд, мөн зураачийн эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлсийг дэлгэн үзүүлэх бөгөөд Монголын уран зургийн хөгжилд гүн ул мөр үлдээсэн зураачийн ур ухаан, өв уламжлалыг олон нийтэд таниулах зорилготой.

Өнөөдөр нээлтээ хийх үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл Уран зургийн галерейд үргэлжлэх ажээ.

 

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn