Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг санал өгөх үеэр гадаад, дотоодын 50 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжлав. Энэ үеэр тэрээр “1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш ес дэх удаагийн УИХ-ын сонгуулиа өгч байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог.
Нэгдүгээрт, анх удаа 76 УИХ-ын гишүүнтэй, нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөлөлтэй УИХ-ыг түүх болгон үлдээж байна. Салбар, салбарын дуу хоолой бүхий 126 гишүүнтэй Монгол Улсын түүхэн анхны парламентыг энэ удаагийн сонгуулиараа бүрдүүлж байна. Энэ агуулгаараа сонгуулийн ирц урьд урьдынхаасаа өндөр байна гэж ажиглагдлаа.
Хилийн чанад дахь монголчуудын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл жагсаалтаар орж ирж байна.
Мөн хувийн хэвшил, шинжлэх ухаан, үйлдвэрчний төлөөлөл парламентад жагсаалтаар нэр дэвшиж байгаа зэрэг нь олон нийтийг идэвхжүүллээ.
Ардчилал гэдэг бол ард түмэн төлөөллөө сонгох сонголт бөгөөд сонгуулийн ирц өндөр байх тусам ардчиллын индекс ахиж байдаг. Бүгдээрээ ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сая 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээр 30 гаруй уулзалт хийхэд бүгдээрээ л өнгөрсөн 30 жилийг дүгнэж байна. Ардчилсан хувьсгалын анхдагч С.Зориг амиа алдсанаас хойш эх орны эрх ашиг нэгд байх зарчим алдагдсаныг бүгд ярьж байна.
Хувийн эрх ашгийн төлөө улс төрийн намыг ашигладаг болсон. Нам дамнасан бүлэглэл үүсч, стратегийн ордуудыг авсан. Төрийн мөнгөөр хувьдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан гэх мэт байж боломгүй алдаанууд гарсан.
Тийм учраас энэ удаагийн сонгууль 30 жилийн хугацаанд хийсэн үнэн бодит дүгнэлт байгаасай гэж хүсч байна. Ард түмний төлөөлөл болсон УИХ ардчиллын дуу хоолой байгаасай билээ.
Шинэ 30 жилийн түүх эхлээсэй, улс төрийн намууд бодлогын мэтгэлцээнд тулгуурлаж ажилладаг байгаасай гэв.
Энэ сонгуулиар улс төрийн намуудтай 2-3 удаа гурван бодлогоор мэтгэлцэх санаачлага гарсан ч харамсалтай нь МҮОНР бусад намуудад тэгш байх ёстой гэдэг хуулийн хүрээнд мэтгэлцээнийг зохион байгуулж чадсангүй.
Бүх намын төлөөлөл мэтгэлцэнэ гэхээр хэлэлцүүлэг болчих гээд байсан. Уг нь цаашдаа парламентад суудал авсан улс төрийн намын дарга нар гадаад, эдийн засаг, засаглалын бодлогоор мэтгэлцдэг байх ёстой.
Хөдөө орон нутаг бүсчлэгдэж, зөвхөн өөрийнхөө аймгийг ярихаа больсон нь нь том амжилт.
Улс төрийн намууд өөрийн үзэл санаан дээр очих сонголт болно гэж бодож байна. Либерал нам нам нь бэлэн мөнгө тараадаг биш, үзэл санаагаа ярьдаг болох ёстой. Миний хувьд, ардчиллын хоёр дахь давалгаа эхэлж байна гэдэгт найдан, саналаа өглөө гэв.