Ипотекийн зээл квотгүй болж, зээлийн шаардлага хангасан иргэн бүр хамрагдах боломж бүрдлээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцуулав. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр болсон байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

Энэ жил Монголбанкны тооцоолсноор төв банк 500 хүртэл тэрбум төгрөг, эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг хүртэл нэмж байна. Үүн дээр ТӨХК-иудын 34 хувийн ногдол ашгийн 500 тэрбум төгрөгийг нэмэгдүүлбэл нийт 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэлтийн эх үүсвэртэй болж байна гэсэн үг. Энэ бол Монгол Улс хэзээ ч хуримтлуулж байгаагүй боломж юм. Арилжааны банкуудын судалгаагаар өнөөдөр 17 мянган иргэний хүсэлт судлагдаж байна. Жилд 5-6 мянган ипотекийн зээл олгодог. Эх үүсвэрийг нэмэгдүүлснээр банкны шалгуур хангасан иргэд 10 мянган орон сууцны эзэн болох боломжтой тогтоол батлагдлаа. Ирэх даваа гарагаас эхний гүйлгээнүүд хийгдэнэ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

Хуримтлалын нэгдсэн сангийн орлогын эх үүсвэрээр ипотекийн зээлийн боломжийг нэмэгдүүлэх шийдвэр өнөөдөр гарлаа. Урьд өмнө нь 750 тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулагддаг байсан. Орлогын эх үүсвэр хангалтгүй байж ирсэн. Хямд хүүтэй зээлийг олгоход хямд хүүтэй эх үүсвэр олддоггүйн улмаас ипотекийн зээл өнөөдрийг хүртэл квоттой явж ирсэн. Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмэгдэж орсноос орон сууцны ипотекийн зээл квотгүй болж байна. Шаардлага нь хангагдаж байгаа иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn