Газар, усны нэрийг хууль бусаар өөрчилсөн хэргээр Баян-Өлгий аймгийн гурван ч Засаг дарга ял сонссон

Өнөөдрийн  Засгийн газрын хуралдаанаар Баян-Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээх тогтоолын төслийг УИХ-д  өргөн барих шийдвэр гаргалаа.

Газар усны монгол нэршлийг өөрчилсөн Баян-Өлгий аймгийн гурван ч Засаг дарга, холбогдох албаны хүмүүст  гурван шатны шүүхээс ял өгсөн.

Эрүүгийн хуулийн 19-ийн 16-д “Хууль бусаар газар орны нэр өөрчлөх”  гэсэн заалттай бөгөөд   “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт байдаг.

Эрүүгийн хуулийн энэ заалтыг зөрчсөнийг  2020 онд  Эрүүгийн цагдаагийн газраас  Баян-Өлгий аймгийн ИТХ-ын болон Засаг даргын тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэлийг шалгаж, газар орны нэр өөрчилснийг нь тогтоож, 14 хүнийг яллагдагчаар татаж, хэрэг үүсгэн, прокурорт шилжүүлж байв.

Баян-Өлгий аймгийн ИТХ 2017 оны тогтоолоор  Баян-Өлгий аймгийн Өлгий, Дэлүүн, Ногооннуур, Сагсай зэрэг суманд шинэ баг байгуулахдаа   казах нэр өгчээ.

Тухайлбал, Өлгий сумын 8-р багийн нэрийг Ах хус тау,11-р багийн нэрийг Бүркит,12-р багийн нэрийг Жасыл бах,13-р багийн нэрийг Жанаауыл,Дэлүүн сумын 2-р багийн нэрийг Саралахаз,Сагсай сумын 2-р багийн нэрийг Хол агаш,3-р багийн нэрийг Ахкорим,Ногооннуур сумын 6-р баг буюу сумын төвийн нэрийг Хызылхайын,7-р багийн нэрийг Хосхарагай гэх зэргээр нэрлэсэн байжээ.

Мөн Цагаан гол багийн  Аксул, Таванбогдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат гэх мэтээр өөрчилж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн байжээ.

Шүүхээс ял авсан албан тушаалтнууд нь:

Тухайн үеийн Засаг дарга А.Гылымхан, /Одоо АТҮТ-ийн дэд дарга/

Тухайн үеийн ИТХ-ын дарга Д.Баурыжан,

Тухайн үеийн орлогч А.Камелият /Одоо Засаг дарга/

Тухайн үеийн орлогч Ш.Хабыл /Одоо ИТХ-ын дарга/

Аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арман

ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат

ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга асан К.Бекжан

Улаанхус сумын Засаг дарга асан О.Нурлан

Ногооннуур сумын Засаг дарга Х.Куаниш

Сагсай сумын Засаг дарга С.Хонаев

Цэнгэл сумын Засаг даргө асан Д.Ербол

Цагааннуур тосгоны захирагч П.Есболат

Хууль, эрхзүйн хэлтсийн дарга асан Ө.Хуралай

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат нар юм.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn