УИХ-ын сонгуулийн үр дүнд нийт сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгож байхаар болсон. 2023 онд баталсан Улстөрийн намын тухай хуулиар уг заалтыг оруулсан. Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд дараах намууд төрийн санхүүжилт авахаар болсон.
Төрийн санхүүжилт авахаар болсон улстөрийн намууд ба нийт сонгогчдоос авсан саналын хувь:
- Монгол Ардын нам 35.01 хувь
- Ардчилсан нам 30.13 хувь
- ХҮН нам 10.38 хувь
- Үндэсний эвсэл 5.17 хувь
- Иргэний зориг ногоон нам 5.02 хувь
- Шинэ нэгдсэн эвсэл 4.79 хувь
- Үнэн ба Зөв нам 2.80 хувь
- Иргэний хөдөлгөөний нам 1.40 хувь
- Бүгд найрамдах нам 1.35 хувь
Жил бүрийн есдүгээр сарын 15-ны дотор СЕХ-ноос ямар намуудад ямар хэмжээний санхүүжилт өгөхийг тогтоон, нийтэд зарлах ёстой ч одоогоор зарлаагүй байна.
Улстөрийн намууд төрийн санхүүжилт авахтай холбоотойгоор Шилэн дансны хуулийн үйлчлэх хүрээнд улстөрийн нам орж ирсэн бөгөөд уг хуулийн 3.1.6-д “3.1.6.төрийн санхүүжилт авч байгаа нам, эвсэл” гэсэн заалт мөн 2023 онд батлагдсан.
Ингэснээр төрийн санхүүжилт авах болзол хангасан дээрх 9 нам, эвсэл шилэн данс хөтлөх болж байна.
Шилэн дансны тухай хуулиар шилэн данс хөтлөгч нь өөрийн цахим сайт дээрээ шилэн дансны цонх нээж, хуульд заасан орлого, зарлагын гүйлгээнүүдээ сар бүр оруулж байх хуультай юм.