Ч.Лодойсамбуу: Улстөрийн хэлмэгдүүлэлт өнөөдөр үргэлжилж байна

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-аас 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн. Жил бүрийн энэ өдөр холбогдох сайд, дарга нар болон хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Уламжлал ёсоор өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон бусад албаны хүмүүс, хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэн Төрийн ордны хойно байх Хэлмэгдэгсэдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Харин жил бүр болдог энэ үйл явдлыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу шүүмжиллээ.
Тэрээр “Хэлмэгдүүлэлт дуусаагүй. Дуусгах нь байтугай гардан үргэлжлүүлж байгаа хүмүүс хөшөөний өмнө худлаа бөхийнө” хэмээн сошиал хуудсандаа бичжээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “1937 оны хэлмэгдүүлэлт бол хомроглон устгах ажиллагаа байсан. Энэ хар өдрийг дурсаж 1996 оноос хойш тэмдэглэж ирсэн. Дурсахын учир нь хүнийг улстөрийн зорилгоор дахиж хэлмэгдүүлэхгүй байх шүү дээ. Гэвч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байна. Зөвхөн хилс хэрэгт гүтгээд, амийг нь хороохыг хэлмэгдүүлэлт гэхгүй шүү дээ.Өнөөдөр бол зөвхөн бие махбодь, сэтгэл санаагаар хохироох үзэгдэл хэрээс хэтэрсэн шүү дээ. Сүүлийн найман жил дангаараа засаглаж байгаа эрх баригчдын хандлага ийм болсон.
Ирэх жилүүдээс олон нийт энэ өдрөөр төр хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хамгаалж байна вэ гэдгийг асуудаг, шаарддаг байгаасай. Ер нь бол хэн нэгнийг хэлмэгдүүлэхээс төр нь сэргийлдэг байх зарчимтай” гэж ярилаа.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn