Улстөрчдийн аливаа зорилго, тэмүүллийг үг нотлохгүй, гагцхүү үйлдэл л нотолно. Жишээ нь, Хууль зүйн сайдаас хотын дарга болж “жижгэрсэн” Х.Нямбаатар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгуулах талаар огт үйлдэл хийгээгүй байж, орон нутгийн сонгуулийн өмнө жирийн иргэдийн толгойг эргүүлсэн мэдэгдэл хийж, сошиалаар түүнийгээ түгээв.
Улаанбаатар хотын Засаг дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар саяхан “Залуу Женкочид энд тэнд очиж лайв хийгээд бүтээн байгуулалт хийлгэхгүй байна. Би цаашид “Женко” Х.Баттулгын 17 чингэлэг спиртний наймаанаас эхлээд бүх хэргүүдийг өдөр бүр сануулж, хууль, хяналтын байгууллагад дуудуулах арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгдсэн. Гэвч Хотын даргын энэ мэдэгдлийг “жүжиг” гэж олон хүн сошиалд бичжээ. Үнэхээр ч жүжиг ажээ. Учир нь, улстөрийн хүрээний хэд хэдэн томоохон бүлэглэлүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Женко” Х.Баттулгын бүлэглэл хамгийн нөлөөтэй нь. Энэ бүлэглэлд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар багтдаг нь нууц биш.
Орон нутгийн сонгуулийн өмнө Х.Нямбаатар ингэж мэдэгдэж буй нь нэгт, рейтингээ өсгөх, хоёрт, Х.Баттулгад дургүй намынхаа гишүүдийг татах оролдлого болов уу. Ямар ч зорилготой байлаа гэсэн энэ бол хар пиарын хамгийн бүтэлгүй “гөлөг төөрүүлэх ажиллагаа” болов.
Улстөрийн нэг бүлэглэл юм бол яагаад бүлгийн толгойлогчоо муулаад байгаа юм бэ?гэсэн асуулт урган гарна. Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн “Женко” хэмээх Х.Баттулга бол “долоо буудуулсан чоно”. Түүнийг хүмүүс муулж л байдаг, тэр сонгуульд ялж л байдаг. Төмөр замаас эхлээд түүний нэртэй хэргүүд тодорхой ч 2021 онд Ерөнхийлөгчөөсөө бууснаас хойш л лав хууль, хяналтын байгууллагад дуудагдаж байгаагүй. Учир нь “сайн дүү нар” болох Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын албыг хашсаар ирсэн. Тэгэхээр Х.Нямбаатарын мэдэгдэж байгаачлан Х.Баттулга цаашдаа ч хууль, хяналтын байгууллагад дуудагдахгүй биз ээ. Х.Нямбаатар зүгээр л түүний нэрээр сонгуулийн замаа засч буй хэрэг гэлцэнэ.
Үнэхээр Х.Баттулгыг гэмт хэрэг хийсэн гэж үзэж байгаа бол баримтаар нотлоод, хэрэг үүсгээд, хуулийн байгууллагад шалгуулах цаг хугацаа, эрх мэдэл Х.Нямбаатарт хангалттай байлаа. Ядаж л УИХ-ын сонгуулиас өмнө ч юмуу, энэ тухай мэдэгдэл хийх боломж байсан шүү дээ.
Тиймээс олон нийттэйгээ харилцах биш, олон нийтийн толгойг эргүүлэх Х.Нямбаатарын худал жүжиг арай л хэтэрлээ.