МАН-ын Бага хурал өчигдөр орой 21 цагаас эхлэн хуралдаж, 23 цагт өндөрлөжээ. Хурлаар УИХ-ын сонгуульд ялсан МАН бусад намуудтай хамтран эвслийн Засгийн газар байгуулж ажиллах асуудлаар шийдвэр гаргах эрхийг Удирдах зөвлөлдөө шилжүүлсэн байна.
Эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар МАН-ын гишүүд эсэргүүцэж байгаа гэх ч Бага хурал дээрээ төдийлөн хурц санал шүүмжлэл өрнүүлээгүй гэнэ. Ингээд эвслийн Засгийн газар байгуулах асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл шийдэхээр болжээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар томилогдсон тул орных нь хүнийг сонгосон байна. МАН-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатар сонгогджээ. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад сэлгэж байгаа юм.
МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, О.Батнайрамдал нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул оронд нь Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумьяабазар, Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай нар сонгогдлоо.