Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2024 оны долдугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохиогдож буй Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага(ШХАБ)-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж байна.
Энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И нар 2024 оны долдугаар сарын 3-ны өдөр гурван улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг хийв.
Гурван улсын төрийн тэргүүн нарын нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг үргэлжлүүлэн идэвхтэй урагшлуулахаа Гадаад хэргийн сайд нар дахин нотолж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсанд Орос, Хятадын Гадаад хэргийн сайд нар баяр хүргэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм.
Олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.