Бразилын ерөнхийлөгч Лула Да Силва долдугаар сарын 2-нд хуулийн төсөлд гарын үсэг зурж, Бразилын алдарт хөлбөмбөгчин Пелегийн хөлбөмбөгийн спортод оруулсан хувь нэмрийг дурсах зорилгоор жил бүрийн 11-р сарын 19-ний өдрийг “Хөлбөмбөгийн хаан Пелегийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.
11-р сарын 19-нд Пеле мэргэжлийн замналынхаа 1000 дахь гоолыг оруулсан талаар эх сурвалжид мэдээлжээ. Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн оны 12-р сард Бразилын Конгрессын Төлөөлөгчдийн танхим баталж, Бразилын Сенатад батлуулахаар өргөн мэдүүлсэн ба Бразилын ерөнхийлөгч Лула Да Силвагийн зөвшөөрлийг авахаар энэ зургадугаар сарын 11-нд өргөн барьсан ажээ.
2022 оны 12-р сарын 29-ний үдээс хойш “Хөлбөмбөгийн хаан” хэмээгдсэн Пеле бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан юм. Түүний дараа орон даяар гурван хоногийн гашуудал илэрхийлж байсан билээ.