УИХ-ын хамгийн өндөр настай Д.Рэгдэл гэж хэн бэ?

Шинэ тогтолцоогоор 126 гишүүнтэй болж буй УИХ-ын анхдугаар хуралдааныг хуулиараа хамгийн ахмад настай гишүүн удирдан явуулдаг. Энэ удаагийн УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг МАН-ын жагсаалтын 5-д орж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Дүгэрийн Рэгдэл удирдан явууллаа.

Тэрээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ.

1970 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургууль,

1971-1976 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит Улсын их сургуульд суралцаж биологийн багш мэргэжил, биохимич мэргэшлээр төгссөн.

1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ.

2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна.

1976-1977 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан,  1977-1982 онд Физик, техникийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан,  1982-1985 онд БНАГУ-ын А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд аспирант, 1986-1997 онд Хими, химийн технологийн хүрээлэнд Биохимийн секторын эрхлэгч, 1997-2001 онд тус хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2001-2009 онд Монгол улсын ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009-2016 онд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Д.Рэгдэл энэ жил 73 настайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдов.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn