СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл хийлээ.
Д.Дэлгэрнаран:
Сонгуулийн санал хураалт дууссан өчигдөр оройн 22 цагаас хойш сонгуулийн дүнг автоматжуулсан системээр дүн дамжуулсан.
Системээр дамжуулсан нийт сонгогчдын ирц 69.4 хувьтай байсан.
Гадаадад саналаа өгсөн 9768 хүний саналыг тоолж, системд нэгтгэсэн.
Нийтдээ системд 1 450 000 сонгогч саналаа өгсөн. Сонгогчийн ирц сайн байсан, 2020 онтой харьцуулахад сонгогчдын тоо 10 хувиар өссөн.
Залуучууд идэвхтэй оролцлоо. Өмнөх сонгуулиудад 18-20 насныхан болон 50-иас дээш насныхан идэвхтэй оролцдог байсан бол энэ удаад 20-50 насныхан маш идэвхтэй оролцлоо.
Ирц жигд байсан. Улаанбаатар хот 70 хувийн ирцтэй, хөдөө орон нутаг 60-аас дээш хувийн ирцтэй оролцсон.
Мажоритар болон намын жагсаалтаар гэсэн холимог хэлбэрээр болсон сонгуулийн дүн тус тусдаа гарч байгаа.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар дангаараа оролцож байгаа нам 4 хувийн босго давсан бол, 2 намын эвсэл бол 5 хувийн босго давж байж суудал хуваарилалтад оролцоно.
Нам, эвслийн авсан саналын хувийг тооцвол:
- МАН-35 хувь
- АН 30.1 хувь
- ХҮН 10.4 хувь
- Үндэсний эвсэл 5.2 хувь
- ИЗНН 5 хувийн саналыг тус тус авлаа.
Улстөрийн намын хуулиар нийт сонгогчдын 1-ээс дээш хувийн дэмжлэг авсан бол тухайн нам төрөөс санхүүжилт авах эрхтэй болно.
- МАН-35 хувь
- АН 30.1 хувь
- ХҮН 10.4 хувь
- Үндэсний эвсэл 5.2 хувь
- ИЗНН 5 хувь
- Шинэ нэгдсэн эвсэл 4.8 хувь
- Үнэн ба зөв нам 2.8 хувь
- Иргэний хөдөлгөөний нам 1.4 хувь
- БНН 1.3 хувийн дэмжлэг авчээ.
Автоматжуулсан системийн тооллого дуусангуут гар тооллого шууд өчигдөр эхэлсэн. Эхний хэсгийн хороодууд 23.00 цагт саналын хуудасны гар тооллогыг хийсэн. Одоо гар тооллого дуусаагүй зургаа долоон хэсгийн хороо үлдээд байна. Гар тооллого хийж дууссан газрууд дүнгээ ирүүлсэн. Саналын хайрцгаа задлаад гараар тоолоход системээр дамжуулсан дүнгээс нэг ч зөрүүгүй явж байна. Үлдсэн 7 хэсгийн хороодыг нэгтгээд системийн тооллоготой хийх тулгалт дуусна.
Гар тоололого хийх журманд өөрчлөлт оруулсан. Энэ удаа камер дор саналын хуудсыг хайрцагнаас гаргаад нэг бүрээр саналын хуудсыг өргөж, танилцуулж, камерт бичүүлж тоолж байгаа учраас тоологод цаг орж байна.
Мандатын тоо олон газар нэлээн цаг орж байна. Олон нэр дэвшигчтэй учраас.
Гар тооллого дуусангуут Сонгуулийн ерөнхий хорооны хурлыг хийнэ. Энэ хуралдаанаараа хуульд заасан босго давсан хамгийн олон сонгогчийн дэмжлэг хүлээсэн нэр дэвшигчдээ УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барина.
СЕХ-ны хуралдааны шийдвэр гарвал шинээр сонгогдсон гишүүддээ гишүүний үнэмлэх олгож, УИХ-ын анхдугаар чуулганаа хийх бэлэн болгох ажлыг гүйцэтгэнэ.