Өнөөдөр/2024.06.25/ Үндэсний эвслийн сонгуулийн төв штабыг Цагдаагийн байгууллагаас битүүмжилж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэв.
Тодруулбал, нэр бүхий хоёр иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу ийнхүү шалгаж эхэлсэн гэх мэдээллийг Цагдаагийн байгууллагаас өглөө.
Эвслийн удирдлагуудын зүгээс “Нэгжлэг хийх гэж ирсэн хүмүүст ямар ч зөвшөөрөл алга, бидэнд нэг ч хуудас цаас үзүүлсэнгүй. Зөвшөөрөлгүйгээр ийнхүү халдах нь хууль бус үйлдэл, гэмт хэрэгт тооцогдоно. Энэ хүмүүсийн хэлж байгаагаар хэдийг ч хүртэл энэ хойшлуулшгүй ажиллагаа үргэлжилнэ гэж байна. Бидний авсан мэдээллээр энд 300 хятад троллоор ажиллаж байна гэх. Цагдаа нар ирсэн даруйдаа манай гэрээгээр ажиллагсдын бүгдийнх нь бичиг баримтыг шалгасан, нэг ч тийм хүн гарч ирээгүй. Ямар ч оффис ажиллаж байгаа газар компьютерууд байна” гэлээ.
Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэрийн мэдээлснээр шалгалтын явцад одоогоор тухайн байранд олон тооны компьютер, техник тоног төхөөрөмжийг суурилуулж, иргэд байрласан асуудал тогтоогдсон, харин ямар зорилгоор тухайн байранд байрласан, ямар үйл ажиллагаа явуулж байсан талаарх шалгалт явуулж байгаа гэсэн юм.
СЕХ: Үндэсний эвслийн төв штабд Цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулж байгаа гэж мэдээд ирлээ. Манайхаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй.
Сонгуулийн тухай хуульд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үзлэг, нэгжлэг хийх гэж байгаа бол зайлшгүй СЕХ-ноос зөвшөөрөл авах тухай заасан.
Цагдаагийн байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах мэдэгдлийг хүргүүлээд байна. Яг ямар ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг ЦЕГ-аас авна. Сонгуулийн хуульд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үзлэг, нэгжлэг хийж байгаа бол хууль зөрчсөн хэрэг.