Үзэл санаагүй популистууд

Ардчилсан намаас ямар нэг үзэл санаагүй популистууд нэр дэвшиж байгаа. Тус намыг муухай харагдуулж байгаа хоёр попын тухай өгүүлье.

Дээрх зургийг Ж.Батзандан сошиалдаа “Найзтайгаа” хэмээн постолжээ. Үнэхээр л ижилхэн “найзууд”. Юугаараа гээч? Попоороо.

2020 оны сонгуулийн өмнө Ж.Батзандан АН-ыг ямар муухайгаар хэлж, хараасаар Шинэ нам гээчийг байгуулсан. Мэдээж тэр ялагдсан. Тэгээд АН-ыг бутаргасныхаа шагналд  дипломат албанд томилогдож байлаа. “Шударга 5”-ын нэг гэгдсэн Ж.Батзандан өнгөрсөн жил Монголд ирээд Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ асуудлаар шалгагдаж, мөрдөн хорих газарт хоригдоод гарсан. Ингээд сонгуулийн өмнөхөн АН-аас нэр дэвшүүлэхийг гуйж, хөл, толгойгоо олохоо байсан сиймхийгээр нь нэр дэвшиж чадав.

Улмаар  “Женко” хэмээх Х.Баттулгын далбаан дор хоймор нутаг  Хөвсгөл, Булган, Орхоны 4 дүгээр тойрогт нэр дэвшээд байна. Харин С.Ганбаатарын хувьд энэ удаа тойргоо сольж, Архангай, Баянхонгор, Өвөрхангайн 1 дүгээр тойргоос горилж байна.Энэ бас л Х.Баттулгын өмнөх тойрог.

Ж.Батзандан ч, С.Ганбаатар ч ялгаагүй жинхэнэ популист улстөрч гэдгийг монголчууд андахгүй. Популистууд гэдэг шургаж болох бүхий л нүхээр шургаж явдаг, мэдэхгүй, чадахгүй бүхнээ мэддэг, чаддаг юм шиг хэтрүүлэн шуугиан, дуулиан үүсгэх замаар өөртөө боломж үүсгэдэг улстөрчдийг хэлдэг.

Өөрийн гэсэн үзэл санаагүй  популистууд амин хувийн эрх ашгийн төлөө намууд сэлгэж, өөрсдөө байгуулсан намаа хаях нь энүүхэнд.   Хоёул АН-ын “дайсан” явсан ч тус буцаад тус намдаа орж, ичгүүрийг умартан нэр дэвшиж байгаа нь тус намыг муухай харагдуулж байгаа юм.

2004-2005 оны үеэс Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн хэмээн хэдэн хүн гарч ирж, поошиг нүдэн жагсаал цуглаан хийх болсон. Тэдний тэргүүнд Ж.Батзандан нар байлаа. Үүнээс өмнө Ж.Батзандан “Нүүх үү, Үлдэх үү” хэмээн лекц уншиж Монгол улсыг тойрч явсан Ц.Элбэгдоржийн хамт явж, доктор Заагаа хэмээх нэрээр ганц нэг нийтлэл сонинд гаргадаг байсан.

Бүр тэр үеэс л улстөрд орохоор санаархаж явсан нь тодорхой байдаг юм. 2008 оны сонгуулийн өмнө Ж.Батзандан, О.Магнай нар Иргэний хөдөлгөөний нам /ИХН/ гээчийг байгуулж, намын дарга нар болж сонгуульд нэр дэвшсэн. Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн Ж.Батзандан ялагдсантайгаа эвлэрч чадахгүй бусадтайгаа нийлэн жагсаал цуглаан хийж улмаар МАХН-ын байрыг галдан шатаасан бусармаг тэмцлийн галыг өрдсөн. Сар гаруй Ганцад хоригдоод гарч ирмэгцээ АН-ыг түшсэнээр уг хэргээс салсан.

Ингээд 2012, 2016 онуудад АН-аас нэр дэвшин хоёр удаа УИХ-д суусан. Дараа нь АН-ыг хагалж, МАНАН-гийн эсрэг тэмцлийн тэргүүн попчин байгаад шагналд нь Авсралид Элчин зөвлөхөөр суугаад ирсэн.

АН-аас гарсан Ж.Батзандан, Лу.Болд нар Шинэ намыг байгуулж, улмаар Б.Жаргалсайхантай хамтран Шинэ эвслийг байгуулж, сонгуульд орсон ч ганц ч суудал авч чадаагүй билээ.

Австралиас Ж.Батзанданг буцан ирэхэд нь туслахаараа дамжуулан “Капитал” банкнаас 12 тэрбумыг авсан хэргээр буруутган шалгасан. “Капитал” банк нь Хөгжлийн банкнаас зээлсэн 227 тэрбум төгрөгийг 90 гаруй аж ахуй нэгжид дамжуулан зээлдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн зөвлөх Г.Аюулгүйн нэр дээр бүртгэлтэй “Азийн бамбар” компаниар хоёр удаа 3-5.7 тэрбум, “Элит цахмаг” компаниар 3.8 тэрбум төгрөгийн зээл авсан гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлж байсан удаатай. Гэвч уг хэрэг нь хаана дарагдсан,  одоо тэр УИХ-д нэр дэвшээд явж байна.

С.Ганбаатарын УИХ-д орж ирсэн нь Н.Энхбаяртай холбоотой. Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад нь орон тооны бус зөвлөх нь болж, улмаар Үйлдвэрчний байгууллагын Ерөнхийлөгч болсон. МАН-ын байран дотор гал тавихаас эхлээд гудамжинд жагсах аргаар улстөрд орсон. Дараа нь Н.Энхбаярын “оймсонд хавчуулагдан” УИХ-д хөл тавьсан. Хамгийн  попордог улстөрчдийн нэгд жагсах С.Ганбаатар ХҮН-ыг байгуулсан гэх ч удалгүй алдсан. Тэгээд АН-ыг сонгосон. Дараа нь АН дотроо “Жэнко”-г түшиж хамтрагч нь болсон. Хэдий шударгыг байнга ярьж номлодог ч байсхийгээд  эдийн засгийн томоохон хэрэгт орооцолдох нь бий. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байхад нь солонгос иргэнээс мөнгө авсан нь илэрч байлаа. Бичлэгийг нь гаргаж цацаж байж билээ.

Тэгвэл нүүрсний хэрэгт ч мань эрийн нэр гарч байлаа. УИХ-аар өнгөрсөн 12 дугаар сард Нээлттэй сонсгол хийхэд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нартай нэгдмэл сонирхол бүхий “Болор-Аграмба” ХХК 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан талаар шинжээч тайлбарласан.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрөө мэдээж үгүйсгэсэн. Тэрээр Х.Баттулгын хамт хөдөөгүүр хөх туг мандуулаад явсан нь тойргоо солих гэж явсных ажээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn