УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу өчигдөр нэр дэвшигчид баримт бичгээ СЕХ-нд дахин хүргүүлсэн байна.
СЕХ-ны ажлын хэсэгт 16 нам, хоёр эвслээс 101 нэр дэвшигч, гурван бие даан нэр дэвшигч, нийт 104 иргэн дахин бүртгүүлэхээр баримт бичгээ хүргүүлжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ зургаадугаар 10-ны өдрөөс өмнө нэр дэвшигчдийг бүртгэх эсэх талаарх шийдвэрээ гаргах ёстой.