СЕХ шийдвэр гаргахаас өмнө нэр дэвших эсэхээсээ татгалзах нь нээлттэй

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ цаг үеийн асуултад хариулт өглөө.

-Нам, эвсэл, бие даагчид УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг хүргүүллээ. Гэвч зарим хүн сонгуульд өрсөлдөхгүй гэдэг санал хүргүүлсэн гэдэг мэдээлэл байна. Энэ талаар?

-Зургадугаар сарын 24, 25-нд улс төрийн нам, эвсэл, бие даагчдаас нийт 1416 хүн материалаа хүлээлгэн өгсөн. Өнөөдөр зарим нэг нөхцөл байдал үүсээд байгаа нь “Намайг мэдээгүй байхад  намаас сонгуульд нэр дэвшүүлсэн байна. Сонгуульд нэр дэвшихээ мэдсэн ч би нэр дэвшихээ болилоо” гэдэг хүсэлт ирүүлж байгаа.

Ийм хүсэлт ирүүлэх бүрэн боломжтой. СЕХ нэр дэвшигчийг бүртгээд тогтоол гаргахаас өмнө нэр дэвшихээс татгалзах бүрэн эрхтэй. Сонгогдох эрхээ хэрэгжүүлэх эсэх нь тухай хүний асуудал. Энэ ч агуулгаар СЕХ-нд дөрвөн хүн нэр дэвшихээс татгалзлаа гэсэн мэдэгдэл ирсэн. Нэр дэвшүүлж байгаа нам, эвслүүд, намаас нэр дэвшигч нь сонгогдох эрхээ хэрэгжүүлнэ гэдэг эргээд маш том өндөр хариуцлага байдаг. Сонгуульд ямар зардлаар орж байгаа юм, хандивыг хаанаас цуглуулсан юм гэдэг зардлын тайланг хуулийн хугацаанд багтаан гаргаж өгөх ёстой байдаг. Ийм тайлан гаргаж өгнө гэдгээ мэдэхгүй явж байгаад 2020 оны сонгуулиар 600 гаруй хүн 10 сая төгрөгөөр торгуулж байсан тохиолдол бий. Ийм учраас дор бүрнээ хариуцлагатай, нэр дэвших эсэхээ сайн тунгааж бодож үзээд СЕХ шийдвэр гаргахаас өмнө нэр дэвших эсэхээсээ татгалзах нь нээлттэй.

СЕХ ны хувьд өргөдөл гомдол гаргаж байгаа асуудлыг нэгтгэж байгаад мэдээлэл хийнэ. Ирэх зургадугаар сарын 1-ээс өмнө мэдээлэл хийнэ.

-Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн асуудалтай холбоотойгоор СЕХ тайлбар тодруулгаа авсан уу?

-Ардчилсан намаас тайлбар тодруулга ирүүлсэн.  СЕХ-нд Ардчилсан намаас нэг л баримтыг хүлээлгэж өгсөн нь 32 дугаар тогтоол юм. Нийгмийн сүлжээнд явж байгаа олон янзын мэдээлэл нь ор үндэсгүй худал мэдээлэл юм. Энэ чиглэлээр бид өөрсдөө арга хэмжээ авч сэтгүүлчдэд мэдээлэл өгнө гэсэн.  СЕХ нь эрх бүхий байгууллагаас тодруулга авсан гэж үзэж байгаа.

-Намууд квотдоо хүргэхийн тулд эмэгтэй нэр дэвшигчийг өөрийг нь мэдээгүй байхад бүртгэсэн гэдэг асуудал гарч байна. Ийм тохиолдол хэр олон гарч байна вэ. Өмнө нь ийм зөрчил гарч байсан уу?

-Квоттой холбоотой эсэхийг мэдэхгүй байна. “Би нэр дэвшихгүй боллоо. Маш өндөр хариуцлагатай олон арга хэмжээ зохион байгуулах болдог юм байна. Тийм учраас би сонгуульд нэр дэвшихээ болилоо” гэдгээ илэрхийлж байгаа. Сонгуульд оролцоно гэдэг маш том хариуцлага шүү.

-Гадаадад байгаа сонгогчид саналын санал өгөх бэлтгэл хэр хангаж байна вэ?

-Зургадугаар сарын 15-ныг хүртэл гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцож саналаа өгнө гэдэг хүсэлтээ ирүүлэх ёстой. Одоогоор 2300 гаруй сонгогч цахимаар саналаа өнө гэдгээ илэрхийлсэн байгаа юм билээ. Зургадугаар сарын 15-ныг хүртэл хүсэлтээ гаргаж болно, гадаадад байгаа иргэд.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn