Ардчилсан намыг сонгуульд оролцуулна, үгүй гэсэн яриа гарсан. Учир нь тус намаас СЕХ-нд нэр дэвшигчдийнхээ тогтоолыг илгээхдээ гурван ч тогтоол илгээсэн асуудал гарсан. СЕХ-нд Ардчилсан Намаас 09, 32 гэсэн дугаартай тогтоолууд ямартай ч очжээ.
Ардчилсан намаас өнөөдөр 12.00 цагт энэ асуудлаар Төрийн ордонд мэдээлэл өгөхөөр болоод байна. Э.Бат-Үүл энэ асуудлын талаар “Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй хүнийг Дээд шүүх тодорхой заасан. Ингэсээр атал СЕХ хууль зөрчин АН-ыг сонгуульд оруулахгүй бол Ардчиллыг, АН-ын олон мянган гишүүдийг “гэр оронгүй болгон гудамжинд гаргасан” гэсэн хэрэг! Тэмцэл гудамжинд шилжинэ. Энэ тэмцэлд бэлдэх хэрэгтэй, гишүүд ээ!” гэж жиргэжээ.
Харин Сонгуулийн ерөнхий хорооны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Ардчилсан намаас нэр дэвшигчдийн тогтоолоо ирүүлсэн. Үүнээс хойш Ардчилсан намаас гурван тогтоол ирсэн. Ардчилсан намын Сонгуулийн ерөнхий хороотой шууд харьцах хүнээс алдаа гарсан байна гэж дахин тогтоол илгээсэн. Тиймээс СЕХ АН-аас тодруулга тайлбарыг авахаар мэдэгдсэн. Ингээд өчигдөр АН-аас ирүүлсэн 32 дугаар тогтоол хүчин төгөлдөр гэсэн албан бичгийг манайд ирүүлсэн. АН сонгуульд оролцоно. Сонгуульд оролцуулахаар СЕХ бүртгэсэн шүү дээ” гэсэн байна.