Ардчилсан намын дэргэд байгуулагдсан “Шударга сонгуулийн төлөө”ажлын хэсэг бусад намууд,ТББ-ын төлөөллүүд нэгдэж, он гарсаар хийгдсэн 70 мянган хүний шилжилт хөдөлгөөнийг шалгуулах асуудлаар Тагнуулын Ерөнхий Газарт албан шаардлага хүргүүллээ.
АН-ын дэд дарга Ж.Баярмаа “Эрх баригчдын царцаа нүүлгэх, зохиомол хаяг үүсгэж иргэний үнэмлэх тараах, сонгогчийг “хувилах” гэх мэт луйвар ер тасрахгүй байгаа.
Дээрээс нь сонгогчдын боловсрол таарууг далимдуулж, мөнгө тараахаас гадна “хар машин бичлэг хийж байгаа, саналыг чинь хэнд өгсөнийг нь мэдэхэд амархан шүү…” гэх мэтээр дарамталдаг.
Эдгээр луйврыг зогсоох, багасгахын төлөө тууштай явна.Мөн нам, эвсэл, төрийн бус байгууллагуудыг урьж, хүчээ зузаатгана.
2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө 230 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн байгаагаас 196 мянга нь зөвхөн 2020 оны нэгдүгээр сард хийгдсэн байгаа юм. Энэ бол маш том дүн. Ганцхан сарын дотор энэ хэмжээний хүн шилжилт хөдөлгөөн хийнэ гэдэг нь сэжигтэй санагдаж байгаа юм. Мөн 2024 он гарсаар дөрвөн сарын хугацаанд 70 мянган хүн шилжилт хийсэн байна. Энэ нь сэжиг бүхий тоо гэж үзэж байгаа учраас үүнийг шалгах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.