Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас-Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сарын өмнө “Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил” форумд оролцох үеэрээ “Манай нийслэл Хөшигийн хөндий рүү, голоо дагаад Багануур, Налайх, Тэрэлж, Гацуурт руу тэлэх боломжтой. Өнөөдөр 86га газарт байгаа Их Тойруу сунгалтын дасгал хийгээд Богд уул руу тэлмээр байна. Дархан цаазтай Богд уулыг нүхлээд тунель гаргая гэдэг зоригтой сайд байгаагүй” хэмээсэн.
Тэгвэл саяхан Ерөнхий сайдын БНХАУ-д айлчилсан баг, бүрэлдэхүүн улсдаа хамгийн урт Зыжы туннелийн байгууламжтай танилцжээ. Уг нүхэн гарцын байгууламж 14.4 км урт бөгөөд уртын хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог аж.
Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Туннелийг тэсэлгээний болон метроны машинаар нүхлэх хоёр аргаар гаргадаг. Зыжы метрог тэсэлгээний арга сонгож гаргасан байна. Энэ бол хамгийн хурдан хийх арга” гэжээ.
Мөн нүхэн гарцын байгууламжийн зураг төсөл боловсруулах компанийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 6-наас эхлэн зарласан байна. Энэ ондоо багтаан сонгон шалгаруулалтаа хийж, оны дараа гүйцэтгэгчийг шалгаруулахаар төлөвлөжээ. Ирэх хавар төслийг эхлүүлэх ажээ.