Шөнийн тарифын хөнгөлөлтөд 30.5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлдэг. 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний тарифыг 50-100 хувиар хөнгөлж ирсэн юм.

Энэ жил тус хөнгөлөлтөд нийслэлийн 110 мянган өрх, орон нутгийн 70 гаруй мянган өрх нийт 189 мянган айл өрхийг хамруулахаар тооцоолжээ. Уг ажлыг хэрэгжүүлэхээр улсын төсвөөс 30.5 тэрбум төгрөг тусгаад байна.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, хоёр тарифт тоолууртай байх шаардлагатай. Мөн Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагдана.

Тус хөнгөлөлтийн хугацаа нь 2025 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэнэ. Цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөг, 2022 онд 29.5 тэрбум, 2023 онд 33 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм.

Харин айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг ирэх сарын 1-нээс нэмэх тухай яригдсан шийдвэр одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn