Н.Учрал: Хуулийн дагуу нуураа ч, худагаа ч, овоолгоо ч, толгойгоо ч авна

Өнөөдрийн Засгийн хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.

Н.Учрал “Хөгжлийн банкийг экспорт, импортыг дэмжих банк болгох шинэ эрхзүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаатай холбогдуулан хууль танилцууллаа. Ирэх долоо хоногийн хуралдаанаар Хөгжлийн банкны хуулийг эцэслэн танилцуулж, өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Мөн УИХ-аар батлагдсан Засгийн газар хоорондын гэрээ, хөрөнгө оруулалтыг гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бий болгох чиглэлээр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр анхлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Татварын Ерөнхий хууль, Хөрөнгө оруулалтын хууль, хууль тогтоомжийн тухай хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж ХЗДХ-ийн сайд танилцуулахаар ажиллаж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үед УИХ-ын гишүүд болоод улстөрийн намын бүлгүүдээс санал гаргасан. Саналуудыг үндэслээд энэ хуулийн төслийг дахин боловсруулж өргөн мэдүүлэхээр Засгийн газар татаж авах шийдвэр гаргалаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, “Хуримтлалын сан”-д орлого нэмэгдүүлэх чиглэлээр хувийн болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрүүд үргэлжилж байна. Миний бие стратегийн ордуудын 34-50 хувийг эргүүлэн авч баялгийн санд төвлөрүүлэх, хүн бүрд үр өгөөжийг нь хүртээх даалгавартайгаар ажлыг хэсгийг ахалж ажиллаж байгаа. Монголын баялаг аль нэгэн намын өмч биш. Хэн нэгэн улстөрчийн хувийн хөрөнгө биш.

Үүнд “Төгрөг нуурын орд” ч бай, “Ухаа худаг” ч бай, Овоо толгой, уул овоолго бүгд монголын баялаг. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Баялгийн сангаараа дамжуулж эрүүл мэнд, боловсролдоо зарцуулахаар бид хуульчилсан. Хуулийн дагуу нуураа ч, худагаа ч, овоолгоо ч, толгойгоо ч авна. Хэлэлцээрүүдийг хийнэ. 2007 оны тогтоол дээр нийт 39 орд байгаа. Зөвхөн нэгийг нь ярихад л олон асуудал гарч ирж байгааг харсан байх. Тиймээс хяналт шинжилгээ хийх ёстой. Бид ирээдүйд өр биш өв үлдээхийн тулд анхааралтай ажиллах ёстой.

Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийн ахлагчийн хувиар дөрвөн асуудлыг хөндье.

Нэгдүгээрт, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн сайн мэдээ. Үүнд, Тавантолгой ордын Бортээгийн уурхайд ЭТТ ХК “Админерал” зэрэг МТАС түншлэлтэй 2021.11.17-нд байгуулсан хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, баяжуулалтын гэрээг хүчингүй болголоо. УИХ 2024 оны 9-р тогтоолоор Засгийн газарт даалгасныг бодитой шийдвэр болгож чадсанаа та бүхэнд дуулгаж байна. ЗГХЭГ-ын даргын хувиар өнгөрсөн хугацаанд МТАС түншлэлтэй холбогдуулан байгуулсан гэрээг, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэгч чиглэлээр хуульд нийцүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тушаал гаргаад МТАС түншлэлтэй байгуулсан гэрээг хүчингүй болгох багийг өнгөрсөн хугацаанд ажиллуулсан. Энэ баг эцсийн санал дүгнэлтээ танилцуулсан. Санал дүгнэлтэд үндэслээд Засгийн газар шийдвэрээ гаргасан. Одоо ЭТТ ХК-ийн ТУЗ хуралдаж, МТАС түншлэлийн гэрээг хүчингүй болгоно гэсэн үг.

Хоёрдугаарт, Төгрөг нуурын ордтой холбоотой асуудал. Сүүлийн үед намайг зөвхөн энэ ордтой зууралдлаа гэдэг мэдээлэл явуулж байна лээ. Төрийн тэргүүн байсан хүн “баялгийн эзэд Монгол” гэж өөрөө хоолойгоо сөөтөл ярьдаг атлаа “нотолчихвол би 100 хувь өгнө” гэж ард түмнийг тохуурхсан. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн болон хуулийн багууд ажилласны үндсэн дээр баримтуудыг цуглуулсан. Нэгтгээд хууль хяналтыг байгууллагад хүргүүлсэн. Баримтууд дотор оффшороос оффшор, орноос орон руу шилжүүлсэн баримтууд хуулийн байгууллагад шилжсэн. АТГ хэрэг бүртгэлт нээгээд ажиллаж эхэлсэн гэдгийг сонслоо. Өнөөдөр авсан мэдээллээр УЕП-ын шийдвэрээр АТГ, ЦЕГ, прокурорын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилдаа орсон гэдэг мэдээлэл өглөө. Монголын баялгаар муур хулгана шиг тоглож байгаа үйлдэл дахин давтагдах юм бол монголын хууль дуудах ёстой. Үүн дээр ямар нэгэн ялгаварлан гадуурхалт байх ёсгүй.

Гуравдугаарт, MCS группийн “Энержи Ресурс” компанийн “Ухаахудаг”-ийн ордтой холбоотой асуудал. Намайг худгийг нь орхиод байна гэж мушгиад байх шиг байна. Бид эрх тэгш хандана. Ухаахудагийн орд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын тогтоол дээр Үндэсний баялгийн сангийн хуулийг ахалж байгаагийн хувиар миний бие, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Тувааны гарын үсэгтэй тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн хүрээнд “Шаардлагатай бичиг баримтын бүрдүүлбэр дутуу” гэдэг хариу ирсэн. Бид бүрдүүлээд илгээсэн.

Дөрөвдүгээрт, бид овоолго гэж ярьдаг. Ашигт малтмалын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд стратегийн орд, түүний үүсмэл ордын нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон бол 34-50 хувьд нь хэлэлцээр хийхээ заасан байдаг. төр хэрэв эзэмшлийнхээ 34-50 хувиа тогтоосон бол АМНАТ-өөр орлуулах уу, бүтээгдэхүүн хуваах уу гэдгийг УИХ шийддэг. Бид эхлээд төрийн эзэмшлийн хувь хэмжээгээ тогтооно. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” компаниуд ажиллаж, тэрбум тэрбумаар нь ашиг хийж байгаа тухай мэдээллийг та бүхэн сонссон. Жишээ нь, “Ачит ихт” ХХК 34 хувьд ногдох ашгаа өгөх байсан ч өгөөгүй, 15 жил өнгөрсөн.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn