Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэрээ өнөөдөр УИХ-д танилцуулж, томиллоо.

Тэрээр энэ шийдвэрээ УИХ-д танилцуулснаас хойш  24 хонож байгаа ажээ. Мөн Л.Мөнхбаатарыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөлөв.

Ерөнхий сайд Г.Занданшатарын танилцуулснаар , Б.Энхбаяр нь улсад нийт 27 жил ажилласан бөгөөд 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2023-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажиллажээ.

Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгаж, гэм буруутанд хуулийн хүрээнд хариуцлага тооцож, далд эдийн засгийг бууруулах нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг юм.

Тиймээс далд эдийн засгийг бууруулах, баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тэмцэхэд хууль, эрх зүйн салбарын тогтолцоо, бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргаснаа танилцуулав.

Тэрээр, Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэхээ амлаж, Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2026 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн.Уг тогтоолын төсөл УИХ-аар батлагдсанаар эмч, багш нарын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг шаардлагатай түвшинд хүртэл нэмэгдүүлэх, мөн бусад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх нөхцөл боломжийг нээнэ гэв.

Түүнчлэн, ард түмний баялгийг хулгайлсан аливаа үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэж, нууж хаасан үнэнийг илчлэн дэлгэж, ард түмний хатуу хараа хяналтыг тогтоон дархлахын төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно гэлээ.

Дараа нь асуулт хариулт өрнөж, Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тангаргаа өргөв. Ийнхүү Ерөнхий сайд Г.Занданшатар санасандаа хүрч, ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг “Баялгий хулгайтай тэмцэнэ” гэсэн амлалтайгаар томиллоо.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn