Байгалийн түүхийн музейн 4 жил гацсан барилгыг барихаар боллоо. Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Их тэнгэрт болов. Хүндэтгэлийн арга хэмжээнд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, ССАЖЗ-ын сайд Ч.Номин тэргүүтэй сайд дарга нар оролцлоо.
Байгалийн түүхийн музейн суурин дээр “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулсан.
Их тэнгэрийн аманд 6,6 га газарт Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд явц 15 хувьтай үргэлжилж байгаа талаар Соёлын яамнаас мэдээлж байсан. Монгол Улсын Засгийн газраас музейн стандарт шаардлагад бүрэн нийцсэн Ази тивдээ долдугаарт эрэмбэлэгдэх орчин цагийн Байгалийн түүхийн музей барих шийдвэр гарсан. Шинэ музей гурван блок бүхий 39,000м² талбайтай бөгөөд 2027 онд ашиглалтад орох ажээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт цар тахлын үеэр гацалтад орсон. Гэсэн хэдий ч Чингис хаан музей, Үндэсний төв номын сангийн шинэ барилгаа ашиглалтад оруулж чадсан. Одоо улс орны эдийн засаг эргэн сэргэж байна. Шинэ Засгийн газраа хамтран байгуулж, үндсэн том ажил руугаа хүч хаяж, олон зүйлийг хийж бүтээх шаардлагатай байна. Монголчууд оюун ухаан, хүч чадлаа нэгтгэн ажиллаж чадвал ямар ч зүйлийг бүтээдэг ард түмэн гэдгээ харуулж чадлаа. Одоо Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Бид үр хүүхдүүддээ өв үлдээх ёстой. Гадаадын жуулчдад үзүүлж, эх орноо сурталчлах барилга байгууламж, музей театр ховор байна. Ард түмэндээ оюуны хөрөнгө оруулалтыг хийж байна. Цаашид энэ музей олон улсын хэмжээний шинжлэх ухааны салбарын төв болно. Холбогдох сайд, дарга нар энэ бүтээн байгуулалтад онцгойлон анхаарах хэрэгтэй” гэв.
Шинэ музейн барилга угсралтыг гүйцэтгэх компаниар “Содон номин” ХХК шалгарч, ажилдаа орсон. Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэсэн.Өнгөрсөн хугацаанд 34 тендерт оролцсоны дотор Байгалийн түүхийн музейн барилгыг гүйцэтгэх тендерт 2023 оны дөрөв, тав, долдугаар сард гурван удаа оролцож, шалгарч чадаагүй хасагдсан байна.
Музейн суурь, үндсэн карказ болох 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй барилгын ажлыг өмнө нь “Шинэхэн групп” ХХК өөрсдийн хөрөнгөөр нийт 25 тэрбумын өртгөөр гүйцэтгэжээ. Тус компани Японы хөрөнгө оруулалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барихаар болж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн 7.4 га талбайг таван жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон байдаг.
Музейн цогцолборын тендер таван удаа буцаж, бүтээн байгуулалтын ажил дөрвөн жил гацсан. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 94.4 тэрбум төгрөг байсан ч 120 тэрбум төгрөгөөр төсөвлөж, баталж байв. Сүүлд энэ төсөв 138 тэрбум болж нэмэгдсэн талаар мэргэжилтнүүд хэлж байв. Энэ онд Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй.
Шинэ Байгалийн түүхийн музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг тус музейн захирал асан Н.Зоригтбаатар онцолж байв.
Тэрбээр “Байгалийн түүхийн музейн сан хөмрөг 13 мянга орчим үзмэртэй. Шинэ цогцолбор барьж дуусахад үзмэрүүд нь бэлэн. Хуучин Байгалийн түүхийн музейн 0.5 га газраас 6.6 га буюу 20 дахин том талбайтай бөгөөд цэвэр үзмэрийн талбай нь 40 мянган м/кв хүчин чадалтай.
Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр музей нэгдсэн. Үндсэндээ 2019 оны наймдугаар сарын 1-нээс Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейнхэн сан хөмрөг, ажилтнуудтайгаа нүүсэн. Тус музейн захирал Н.Зоригтбаатар гавьяаныхаа амралтыг авч, түүний оронд Монголын үндэсний музейн хэлтсийн дарга И.Будбаяр томилогдон ажиллаж байна.
И.Будбаяр “Музейн барилгыг дотоодын компани барих бүрэн боломжтой. Музейн тусгай зориулалттай хэсэгт гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулах нь зүйтэй” гэж байлаа.