Шашны гаж урсгалууд гэр бүлийг, цаашлаад нийгмийг Бурхан, Сатан гэж хуваасаар л байна

Гадны шашны гаж урсгалаас болж ээж нь өнгөрсөн 9 дүгээр сард нас барсан хохирогчид хоёр хоногийн өмнө хэвлэлийнхэнд хандаж олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж байгаагаа илэрхийллээ. Хохирогчдын ярьж байгаагаар “Сүмд явсан ээж нь хүүхдүүдээ “Сатаны сүнс“ хэмээн харааж, өөрийгөө “Мөнх насална“ гэж явсаар сүм дээрээ нас барсан” аж.

Тэрхүү “Шинэ тэнгэр газар” сүм гээчид явж эхэлсэн ээж нь сэтгэл зүйн сургалтад явж байна гэж тайлбарладаг байсан хийгээд настай хүн учраас хүүхдүүд нь зөвшөөрсөн гэнэ. Тэр үедээ сүм үү гэхээр “Биш. Сургалтын төв” гэж тайлбарлаад нийгэмд сайн үйлсийн ажил, буян хийдэг газар гэж тайлбарладаг байж л дээ.

Гэтэл ээж нь удалгүй хүүгээ сүмдээ явахыг шаардаж, дүү нар чинь чамайг явбал дүү нар чинь явна хэмээн шахаж эхэлсэн гэнэ. Сүмдээ явуулахын тулд худлаа ярьж дуудахаас эхлээд “Чи Сатаны сүнстэй учраас ирэхгүй байна. Сатаны сүнс, Сатаны шээснүүд” гэж хүүхдүүдээ харааж эхэлсэн гэх. Мөн “Би мөнх насална, та нар аврагдмаар байна” уу гэж явсаар байгаад энэ жилийн 9 дүгээр сарын 16-ны өдөр тус сүм дээрээ бурхан болсон” хэмээнэ. Ээжийнхээ 49 хоног дууссан учраас бусад олон хүн ингэж битгий хохироосой хэмээн энэ мэдээллийг хийж байна гэж ярьцгаасан.

Өөр нэг хохирогч “Энэ урсгал нь Монголд “Монгол сувд сүм” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг “Шинэ тэнгэр газар” гэж бий. Манай улсад орж ирээд 10 гаруй жил болсон байна. Энэ сүмд 12 мянга гаруй хүн байдаг гэнэ. Гадуур явж байгаа хүмүүсийн тархийг угааж, ургаас нэгийг гээд гэр бүлийнхээ нэг хүнийг сүмдээ заавал ирүүлэхийг шаарддаг юм билээ” хэмээсэн.

Тус газар нь хүмүүсийг “Хувь хүний хөгжлийн сургалт, сэтгэл засал, англи, солонгос хэлний үнэгүй сургалт, виз гаргана” гээд элсүүлдэг байгаа юм. Ингээд яваандаа библи судлах ёстой гээд библийн номлолоо зааж эхэлдэг. Тэгээд библийн сэдвээрээ АХА тэмцээн зохион байгуулах, шалгалт авах гэх мэт ажиллагаа явуулсаар “Бурхан бий” гэдэгтээ итгүүлдэг. Мөн настай хүмүүсийг “Мөнх насална. Та нар үхэхгүй” гэж тархийг нь угаадаг. Тэгээд явахаа болино гэхээр нь “Та үхнэ. Үр удмаараа үхнэ. Та нар аврагдахгүй” гэх мэтээр айлган сүрдүүлдэг.

Олсон орлогоосоо 10 хувийг хандивла гэж хэлдэг. Үүнийгээ шаардахгүй ч “Та бурханыг хуурвал, бурхан таныг хуурна. Бурхандаа үнэнч байгаарай” зэргээр эдийн засгаар нь боомилж эхэлдэг. Энэ сүмд орсон л бол эдийн засаг, эрх чөлөө, шашинд итгэх эрх чөлөөгөө бүрэн алддаг” гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгвэл манайд энэхүү шашинтай тэр дундаа гадны шашны гаж урсгалуудтай холбоотой хэрэг байсгээд гардаг. Гэвч хэрхэн шийдэгдсэн нь мэдэгдэлгүй тэгсгээд дарагдчихдаг нь нууц биш.

Ер нь Монгол улсад хичнээн ямар сүм хийд байдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг талаарх нэгдсэн тоо баримт, бүртгэл өдийг хүртэл байдаггүйг судлаачид хэлж, ярьсаар ирсэн байдаг. Уг нь Статистикийн Ерөнхий газраас жил бүр шашны байгууллагууд болон тэнд ажиллагсдын тоог гаргаж ирсэн ч 40 хувь нь энэхүү бүртгэлд оролгүй хууль бусаар эсэхүл сургалтын байгууллага хэмээх нэрийн дор ил далд үйл ажиллагаа явуулсаар ирсэн байдаг.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2018 онд шашны тухай хуулийн зохицуулалтыг ОХУ, БНХАУ, ХБНГУ-ын хуулиудтай харьцуулан судлаад шашны байгууллагын бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Үүнээс болж иргэдийг сүсэг бишрэлээр нь далимдуулан хохироох, насанд хүрээгүй хүүхдүүдийг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хувийн хэвшлийн дунд сургууль дээр өдөр өнжүүлэх нэртэйгээр шашны үйл ажиллагаа явуулах зэрэг хууль зөрчсөн асуудал их байгааг яриад өнгөрч байсан. Их, дээд сургууль дээр ч ийм явдал гарч, оюутан залуусыг олноор нь шашны үйл ажиллагаанд татан оролцуулсаар байгаа гэдэг.

2016 онд буюу одоогоос 10-аад жилийн өмнө нэгэн сайтад МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэлийн өгсөн ярилцлагад ч шашны асуудлыг ул суурьтай хөндсөн байдаг. Тэр үеэс хойших байдал огт өөрчлөгдөөгүй байна.

Судлаач С.Дэмбэрэл “Шашны сүм, хийдийг ангилж бүртгэхдээ мэргэжлийн бус хүмүүс хийснээс урсгал чиглэлийг нь эндүүрч буруу ангилах, үүсэл гарал, номлол сургаалийн хувьд тэс өөр шашнуудыг нэг бүлэгт багтаах, шашнуудыг түүхэн хөгжил, төлөвшлөөр нь гаж урсгал, культ, сект, шашин гэж ангилдаг ёсыг үл харгалзан үзэх нийтлэг алдаа ажигллагддаг. Манай улсад үндэстний, дэлхийн, шинэ шашны хөдөлгөөний гээд 20 гаруй шашны урсгал, хөдөлгөөнүүд үйл ажиллагаа явуулж байгаа” аж.

Манайд Улсын статистикийн төв газар, ХЗДХЯ, НИТХ-аас болон судалгааны байгууллагуудаас шашны байгууллагын талаар янз бүрийн судалгаа хийдэг. Тус байгууллагуудын судалгаанд дурдсан тоо баримтууд хоорондоо зөрдөг. Яагаад ингэж тоо, баримт зөрөөд байна гэхээр төрөөс шашин талаар баримталж буй бодлого, түүнийг хэрэгжүүлэгч байгууллагад мэргэжлийн хүн байдаггүйтэй холбоотой гэх.

Гадаадын зарим улс оронд үйл ажиллагааг нь хориглосон шашны байгууллагууд монголд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж байна. Үүнийг төрөөс зохицуулахын тулд хот, аймаг, сум, дүүргийн төр, захиргааны байгууллагуудад шашин судлаачдыг авч ажлуулах хэрэгтэй ажээ.

Мөн судлаачийн тэмдэглэснээр шашны байгууллагад зөвшөөрөл олгохдоо тухайн шашны нийгэмд үзүүлэх нөлөө, хүмүүсийг гэр бүл, нийгмээс нь холдуулдаг эсэх, нийгмийн амьдралд идэвхгүй болгодог эсэх, ямар шашны номлол сургаалыг баримталж үйл ажиллагаа явуулах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн эв нэгдэлд аюул учруулах эсэх, гадны улс оронд хориглогдсон эсэх, тухайн шашны номлогч нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, Монгол Улсын хууль ёс, төр, сүм хийдийн харилцааны хуулийг хэрхэн  дагаж мөрдөж байгаа, монголын түүх соёл, уламжлалд хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгаа зэрэг олон шалгуур тавьж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох хэрэгтэй. Төрөөс ийм хяналт тавьж чадсанаар гаднаас шашны элдэв гаж урсгал орж ирэхээс сэргийлэх боломжтой гэж үздэг юм.

Мөн манай улсад дэлгэрч буй шинэ шашны хөдөлгөөнүүдийг ихэвчлэн Америк, Солонгос улсаас ирсэн шашны номлогчид дэлгэрүүлж байгаа ажиглагддаг. Христийн шашны онолыг судалдаг теологчид шинэ шашны хөдөлгөөнийг тодорхойлохдоо христийн ариун библийг гуйвуулж, бусад шашны номлол сургаальтай хольсон, ариун гурвалыг шүтэхээс илүүтэй тухайн шашныг үндэслэгч нэг хүнийг тахин шүтдэг, сүм цуглааны зохион байгуулалт, зан үйл, үйл ажиллагаа нь библид заасан христийн сүм цуглаанаас гажсан гэж үзээд гаж урсгал гэж тодорхойлдог.

Бас зарим шашин судлаачид, сэтгэл судлаачид шинэ шашны хөдөлгөөн нь  хүний тархийг угаадаг, бодол санааг хянаж захирдаг, хүнийг өөрийн гэсэн үзэл бодолгүй болгож, гэр бүл, нийгмийн амьдралаас нь холдуулдаг гэж үзээд гаж урсгал гэж тодорхойлж ирсэн байна.

Манайд 1990-ээд оноос л Мүүнийхэн гээчид гарч ирж, зах дээр хэдэн зуун хүнийг нэг дор нь гэр бүл болгож ч байх шиг, УИХ, Засгийн газрын гишүүд нь тэрхүү шашныг идэвхтэй дэмжигчид болчихсон харайлдаад л байсан. Боловсролын яамны газрын дарга хүртэл мүүнд орсон нэгэн байсан гээд эх адаггүй хэрүүл болж байж билээ. Тэгж байтал Сон Мён Мүүн хэмээгч солонгос өвгөн нас барж, эдүгээ энэ талаарх яриа хөөрөө багасаад байгаа билээ.

Ер нь энэ мэт олон кейсээс авч үзээд шашинтай холбоотой асуудлыг орчин үе, ирээдүйд нь хандсан зохицуулалт хийх, 1993 оны хуулийг шинэчлэх ажлаа түргэн хиймээр байгаа юм. ХЗДХЯ гэж байхад дэд сайд нь байсан Б.Энхбаяр энэхүү хуулийг шинэчлэх ажлыг гардаж хийх гээд хэлэлцүүлгүүд явуулаад, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээр гадны хуулиудыг судлуулаад явж байсан нь хэдэн жилийн өмнөх асуудал. УИХ-ын судалгааны хүрээлэн ч асуудлыг авч хэлцсээр ирсэн. Гэтэл шинэ хуулийн бараа сураг алга, харин нийгэмд энэ мэт асуудлууд гарч, иргэдийн дунд тэр бүү хэл гэр бүлийн хооронд үл ойлголцол гарсаар байна. Энэ байдал бүр нийгмийн өвчин болж, шашин хоорондын мөргөлдөөн гээч аймшиг гарах вий гэсэн түгшүүр ч төрнө.

Шинэ хууль гаргах асуудал ярихаар янз бүрийн эрх ашигт хүлэгдэж, Мүүндээ, Христдээ хэт автагдсан улстөрчид яаж ийгээд зогсоогоод мартуулсаар байтал энд хүрлээ. Энэ байдлаараа явсаар байвал гаж шашны урсгалуудад толгой тархиа угаалгасан хүмүүсээс энэ байтугай асуудлууд гарах нь тодорхой.

Манай төр засаг эртнээс л хэлээд байхад тэмцэж, хор холбогдлыг нь сурталчилж байгаагүйгээс нэг л мэдэхэд хар тамхи гээч монгол улсад бодит аюул болоод ороод ирчихсэн гашуун түүх бий билээ. Тиймээс шашны тухай хуулийг шинэ орчин нөхцөл, шинэ шаардлагад нийцүүлэн хэлэлцэн батлах цаг нэгэнт болжээ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn