Сар гаруйн өмнө, 2024 оны тавдугаар сарын дундуур ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхтөр мэдээлэл хийж “…Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм.
Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл, ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдэгдсэн.
Тэгвэл энэ сарын эхээр хэргийн эд мөрийн баримтуудад биологийн ул мөр илрүүлэх, ДНХ мэдээллийг тогтоох, тодруулбал, хэргийн газарт байсан асаагуур, үдээс, даавуу, хувцас, сүх зэрэг дээрээс олдсон 5-6 ДНХ мэдээллийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний лабораторид шинжилжээ.