УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа үргэлжилсээр байна. УИХ-ын сонгуультай холбоотой зөрчил мэдээлэл, түүнд холбогдох хууль дүрмийн талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодруулав.
-УИХ-ын сонгуультай холбоотой хэчнээн гэмт хэрэг, зөрчил Цагдаагийн байгууллагад бүртгэгдэв?
–Сонгуультай холбоотой нийт 162 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээд байна. Үүний 123 нь нийслэлд, 39 нь орон нутагт бүртгэгдсэн. Тодруулбал, 56 нь гэмт хэрэг, 106 нь зөрчлийн хэрэг байна. Өнөөдөр нийт 19 гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэний 11 нь нийслэлд, найм нь орон нутагт байна.
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн дөрвөн хоногийн тоон мэдээг авч үзвэл зургадугаар сарын 10-нд хоёр, зургадугаар сарын 11-нд 27, зургадугаар сарын 12-нд 43, өнөөдөр буюу зургадугаар сарын 14-нд 19 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас эдгээр гэмт хэрэг, зөрчлийн 104-ийг нь шийдвэрлэж үлдсэн 58-ыг нь шалгаж байна.
–Зөрчлийн тухай хуульд сонгуультай холбоотой хориглосон ямар заалтууд байдаг вэ?
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд Сонгуулийн хууль тогтоомж зөрчих нийт 36 төрлийн зөрчлийг хуульчилж өгсөн. Үүнээс цагдаагийн байгууллагын шалгах харьяалалтай 22 төрлийн зөрчил байна.
-Зөрчлийн тухай хуулийн эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд ямар шийтгэл хүлээх вэ?
-Эдгээр хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн дагуу торгох шийтгэл оногдуулна гэлээ.