Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг бэлтгэж гадаадын хот төлөвлөлтийн компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад саяхан БНСУ-ын “Декон” компани шалгарсан. Энэ компанитай гэрээ байгуулаад ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулж байна.
Мөн Улаанбаатар хотод “Зогсоол” гэдэг хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр бодлогын зээл олгож газар доогуурх зогсоол барихаар төлөвлөж байгаа.
Богд уулын аманд отог нэрээр газар авч орон сууц барьсан газруудыг нийслэлийн өмчид авч татвар авъя, тэр мөнгөөр нь зам тавья гэхээр УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэхгүй байна. Газрын наймааны бүлэглэлийг би дийлэхгүй юм байна. Гэхдээ би тэмцэнэ.
Би Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг дагуулаад Богд уулын барилгажсан газрыг бүхэлд нь нийслэлд шилжүүлж авъя гэсэн. Гэтэл үүнийг хэлэлцэж болохгүй байна гээд зогсоочихсон. Координатуудыг авчирч өгөх ёстой байсан Байгаль орчны яамныхан сүүлээ хавчаад зугтаад алга болчихсон.
Маргааш Засгийн хуралдаан дээр танилцуулна. Богд ууланд дандаа газрын наймаа, мөнгө угаалт явагдсан. Бид өнөөдөр Яармагийн зэвтэй усны асуудлыг шийдэх гээд Нүхт, Яармаг, Зайсан руу цэвэр усны шугам татах гэтэл газар олголтыг нь Байгаль орчны яам хийдэг. Байгаль орчны яамны асар том лоббиг би дийлэхгүй байна гэдгийг олон нийтэд хэлье.
Барилгажсан газрыг бүхэлд нь барилгынх нь хормойгоор Богд уулын газраас гаргаад нийслэлийн мэдэлд авч татвар, газрын төлбөрөө авъя гэх асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэх байтал гэнэтхэн энэ асуудал зогсчихож байна.
Одоо бүгд отогт хэдэн давхар хауст амьдарч байгаа. Энэ бол үе үеийн бүх Байгаль орчны сайд нар түүнийг дагасан газрын наймааны бүлэглэлийн хийсэн ажил” гэв.