Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Беларусийн удирдагч Александр Лукашенко зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол, Беларусь хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосоноос хойш Беларусийн төрийн тэргүүн Монгол Улсад анх удаа айлчилж байгаа нь энэ.
Александр Лукашенко 1954 оны наймдугаар сарын 30-нд ЗХУ-ын Бүгд найрамдах Беларусь улсын Витебск мужийн Копыс сууринд төржээ. Тэр Александриа ахлах сургууль, Могилевын сурган хүмүүжүүлэх дээд сургууль, Беларусийн Хөдөө аж ахуйн академийг тус тус төгссөн байна.
ЗХУ-ын үед хилийн цэрэг болон ЗХУ-ын армид алба хааж, ЗХУ задран унасны дараа тэр Беларусийн Дээд зөвлөлийн Авлигатай тэмцэх түр хорооны даргаар ажиллаж байжээ.
1994 онд Беларусийн шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа тэр тус улсын анхны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялсан. Хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Александр Лукашенко 80.1 хувийн санал авч, ялалт байгуулж.
Асар их сорилт түүнийг анх төр барьж эхлэх үед түүнд тулгарсан. Тухайлахад, гэмт хэргийн бүлэглэлүүд, инфляцийн өсөлт, хөрш орнуудын эмх замбараагүй байдал гээд. Тиймээс тогтвортой байдал тогтоохоор амалж түүндээ ч хүрсэн.
Харин өнөөдөр бол түүнийг Европын сүүлчийн дарангуйлагч гэж барууныхан түүнийг нэрлэдэг. Учир нь Украины дайнд тэр Оросыг дэмжиж байгаа ганц үнэнч холбоотон нь.
Монголд яагаад айлчилж байгаа талаар манай неолибералистуудын шүүмжлэлтэй тулгарч байгаа. Лукашенког гэмт хэрэгтэн, Путины суганы үс, У.Хүрэлсүхийг дарамтлах гэж ирлээ гэсэн яриа, пост сошиалд хөвөрч байна. Ирэхийнхээ өмнө дотоодын үйлдвэрийнхээ сүхний ирийг шалгаж “Сайн сүх байна. Гэхдээ ажиллах шаардлагатай” гэсэн тухай мэдээлэл тараасан.
Сөрөг хүчнийхэн нь Монголыг олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон учраас манайд баривчлах ёстой гэж буй. Мэдээж манайх урьж ирсэн хүнээ баривчилж хөгөө хөлдөө чирэхгүй нь ойлгомжтой.
Манайх Беларусьтай хөдөө аж ахуйн нягт харилцаатай. Үүнээс гадна уул уурхайн машин механизм тухайлбал “Белаз” машиныг манайд нийлүүлдэг.
Хоёр улсын удирдагчид Монгол- Беларусмйн харилцааг иж бүрэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны ирээдүйн чиглэлүүдийг хэлэлцэнэ. Тэр дундаа худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын зах зээлийг Беларусийн дотоодын үйлдвэрүүдийн эрэлт хэрэгцээтэй хүнс, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборт хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэнэ.