Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын дөрвөн гишүүнээс УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулан ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд “жороо морины уралдаанд морио уяж уралдуулсан уяачийн амжилт нь энэ хуулийн 10.4 10.5 10.6-д заасан болзлын хангасан бол уяачид мөн хэсэгт заасан цол олгоно” гэсэн хэсэг нэмэх саналыг гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.4:
Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсхүл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан үүнээс улсын баяр наадамд нэг түрүүлсэн, эсхүл хоёр удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, эсхүл дөрвөн удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгоно.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.5:
Аймгийн баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгоно.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.6:
Сумын баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид сумын алдарт уяач цол олгоно.