Ч.Хулан:Андиа хувилгааныг Дилова хутагт тодруулсан түүхтэй

Төрөлх нутаг Завхан аймгийн Шилүүстэй сумын 100 жилийн ой энэ жил тохиож байна. Хутагт хувилгаадаараа алдартай манай нутгийн энэ 100 жилд хүмүүсийн итгэл бишрэлийн шүтээн, Буддын шашны гол дүр, бэлгэдэл  болж явсан хүн бол бидний хүндлэн нэрлэдгээр Андиа буюу Нацагшугарын Цэрэндондов хувилгаан билээ. 

Андиадаа бүгд залбирч, мөргөдөг хэрнээ ямар хувилгааны хойд дүр, хэзээ хэн тодруулсан, шашин шүтэх эрхгүй байсан социализмын он жилүүдийг яаж даван туулсан зэрэг  мэдээллийг төдийлөн сайн мэддэггүй байж магадгүй. Тийм учраас Засагт хан аймгийн Хошууч мэргэн бэйсийн хошууны Лашин хувилгаан, Андиа гэгээнтний тухай судалгаа хийж бодит мэдээллийг олон түмэнд хүргэж яваа ХААИС-ийн ХШУС-ийн багш, доктор Ч.Хулантай ярилцлаа. 

– Төрөлх нутаг Завхан аймгийн Шилүүстэй сумын маань  100 жилийн ой энэ жил тохиож байна. Манай нутаг бол  хутагт хувилгаадын өлгий нутаг гэдгээрээ алдартай.  Энэ алдартнуудаас Лашин хувилгаан, Андиа гэгээнтэн хоёрын талаар    ярилцья гэж бодож байна?

– Даяарчлалын эринд бид  түүхээ мэдэх,  судалж хойч үедээ өвлүүлэх нь  хамгийн чухал зүйл болоод байна.  Манай нутаг юугаараа алдартай, юугаараа онцлог юм бэ гэхээр хутагт хувилгаадын өлгий нутаг гэдгээрээ алдартай. Хувилгаадтайгаа манай нутгийнхан зэрэгцэн амьдарч, бид багаасаа гайхалтай сайхан түүхийг сонсч  өссөн.    Нарабо, Дилова, Андиа хувилгаан, Лашин хувилгаан гээд маш олон хутагтууд манай нутгийн сүм хийдэд сууж, амьдарч, ажиллаж байсан  түүхтэй.

Би шашин судлаач биш. Гэхдээ  хэл бичгийн мэргэжилтнийхээ хувьд сумаасаа төрсөн хутагт хувилгаадын түүхийг тодорхой хэмжээнд сонирхон судалж, Нутгийн зөвлөлтэйгээ хамтарсан хуралд илтгэл тавих зэргээр энэ үйл хэрэгт оролцож явдаг. Миний хувьд  2019 онд Андиа гэгээнтий мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Монголын хутагт хувилгаадын судалгаа” эрдэм шинжилгээний хуралд Андиагийн тухай илтгэл бичиж оролцсон.  2024 онд буюу саяхан  зохион байгуулагдсан хуралд Лашин хувилгааны талаар бас нэг илтгэл бичиж оролцлоо. Нэгэнт бичиг номтой холбогдсон хүний хувьд өөрийнхөө мэдэж чадах хэмжээнд   судлаад, эргэн тойрны хүмүүстээ мэдээлэх, хойч үеийн залуучуудад хүргэх нь миний  үүрэг гэж  боддог.

АНДИА ГЭГЭЭНТЭН БОЛ НОМЧИЙН ХУВИЛГААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ДҮР 

Манай нутгийнхан Андиа гэгээнтэнтэйгээ нэг цаг үед амьдарч байсан хэрнээ үүх түүх, урьдын дүрийнх нь талаар төдий л сайн мэдэхгүй байжээ. Саяхнаас өөрийн тань судалгааны ачаар бодит мэдлэгтэй болж байгаа гэж  би боддог…?

-Андиагийн тухайд гэвэл маш онцлог  хувилгаан хүн. Яагаад вэ гэхээр 1937 онд Монголын бурхны шашны маш олон сүм хийдүүд нураагдаж хэлмэгдсэн тэр цаг үеийг даван туулаад 1996 он хүртэл амьд сэрүүн шашны залгамж халааг  хойч үеийнхэндээ залгуулсан ачтан буянтан. Ёстой л  жинхэнэ “Харанхуйн дунд гэгээ” болон гэрэлтсэн    өвөрмөц амьдралын түүхтэй   хувилгаан байсан.

Андиа 1919 онд Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг Хүрэн толгойн Өвөр булаг хэмээх газар мэндэлсэн. Мэндлэхээс нь өмнөх жил буюу 1918 онд Номчийн хувилгааны гуравдугаар дүр Тойн хувилгаан гэдэг хүн  Андиагийн өвөг дээдсийн нутаглаж байсан газар орноор явж, өвөг дээдсийнхээр нь ороод, айраг цагаа уугаад явж байхдаа “Ямар сайхан айрагтай газар вэ, алив энд чинь хэдэн жил айраг ууж амрая даа” гэж хэлээд явж байсан. Ахмадууд баярлаад  хувилгаан маань жил болгон ирж айраг ууж байх нь ээ гэцгээсэн. Тэгээд  мордоход нь “Эргээд морилоорой” гээд сүү цайныхаа дээжийг өргөж байж.

Зун нь  Тойн хувилгаан  Цагаан бургасны голын айлуудын найр наадмаар орж,   айраг цагаа уугаад явж байхдаа  “Хөхөө шувуу” гэдэг дууг дуулаад байсан.  Настайчууд сонсоод “Энэ хүн удахгүй нь ээ, энэ дууг дуулаад учиртай л байх” гэж байсан. Нээрээ л өвөл нь Отгон суманд  айхтар  томуу тахал дэгдэж, тэр хүн өөрөө тэр  тахлыг дараад бие барсан түүхтэй. За тэгээд яг  жилийн дараа буюу 1919 оны аравдугаар  сарын 11-ний өдөр Хүрэн толгойн Өвөр булаг гэдэг газарт Андиа төрөхдөө  хувилгаан хүний бүх шидийг үзүүлж мэндэлсэн. Энэ тухай  манай ахмадууд, Гочоо гуай,  Завхан аймгийн Отгон сумын харьяат Юнрэндорж гуай нараас  биечлэн сонсож, мэдэж авсан.

Манай сумын нутгийн түүхийн номнууд дээр ч  маш сайхан тэмдэглэж үлдээсэн. Тойн хувилгааны дараагийн дүр буюу дөрөвдүгээр дүрийг тодруулахад  гурван  хүүхэд   шалгаруулалтад эцсийн байдлаар орсон юм байна лээ. Тэгээд Андиа Номчийн  хувилгааны гуравдугаар дүр Тойн хувилгааны хойт дүрээр тодорсон.

Тухайн үеийн шашны нөхцөл байдал гэвэл  Дилова хутагт Наробанчэнгийн хүрээндээ байж байсан.  Лашин хувилгаан Агваанпринлайжамц гэж маш том шашны зүтгэлтэн Өргөн ширэгийнхээ хийдийг байгуулчихсан байж байсан. Тэгэхээр ийм шашны мяндагтануудын  дунд хувилгаан тодрох   үүд хаалга нь нээлттэй байсан шиг санагддаг. 1922 онд Лашин хувилгааны зохиосон  Андиад зориулсан сольдив байгаа. 1924 онд таван  настайд нь тодруулаад зохиосон Дилова хутагтын нэг сольдив бий.

Дилова хутагт, Андиа хувилгаан, нутгийн өвгөн лам нар (Хувийн архиваас)

Ер нь сольдив төвөд хэлээрээ  үлдэнэ гэдэг бол  Андиагийн түүхийг судлахад маш чухал эх сурвалж болж байсан.  1937 оноос шашин ном хураагдаад харанхуй болчихсон, 2000 он гараад  настайчууд нь бараг байхгүй болчихсон үед  нээрээ яг ямар түүхтэй, ямар удам угшилтай, ямар хутагт хувилгаадын хойт дүр байсан юм бэ гэдэг нь их эргэлзээтэй байсан.

Ард түмний дунд  хожуу үед дэлгэрсэн буруудуу гэж хэлэх  нэг цол гуншин бол Цагаан Дарь эхийн бүрэлбаа Мила богдын хувилгаан гэдэг нэршил. Учир нь гэхээр Андиагийн сольдивуудад энэ бурхадын алдрыг дуудсан байдаг. Нээрээ л үнэхээр тэр социализмын үеийн харанхуй хэцүү байдлыг яг Мила богд лугаа адил  хатуужлаар даван туулсан учраас  багш дээдсүүд нь болгоож, тэр харанхуй үеийг сайхан гэтлэн давж, сайн цагтай шавь нарыгаа залгуулж, шашныхаа жолоог цааш нь атгуулаарай гэсэн  үндэслэлээр зохиосон юмаа гэдэг нь  өнөөдөр   тодорхой  болсон. Тиймээс Номчийн хувилгаан, Андиа хувилгаан гэдэг нэр нь илүү зохимжтой.

Ер нь бол  1996 онд Андиаг бурхан болоход  ямар хүний  хэддүгээр дүр нь юм бэ гэсэн ойлголт, мэдлэг манай сумынхан дотор  их бүрхэг байсан.   Хүмүүс “Би яах билээ” гэдэг нэг тийм би-д баригдах үзлээр харилцаж байснаас биш  “Андиа минь та ядарч байна уу, таны ирээдүйн хойт дүр бас ямар байх юм болоо, эсвэл та ямар хүний хэддүгээр дүр вэ” гэдэг шашных нь талаар түүх сургамжийг яриад сууж байсан хүмүүс  ховор байсан юм шиг санагдсан.

2019 онд зохион байгуулсан хурлаар бид  нутгийн ардуудыг цуглуулаад, үүх түүхийг нь хэлэлцээд дараагийн дүрийг тодруулах талаар учир жанцан бүрэлдүүлье  гэсэн. Бага багаар, алхам алхмаар аливаа үйлдлийг хийж байвал санаж, бодож байгаа зүйлс биелэх боломжтой. Андиа бол яг л эгэл хар хүний амьдралаар амьдарсан. Гэхдээ  шашны мяндагтан, шашны зүтгэлтэн, багш нарынхаа хэлж байсан үг, сургаалыг   гээлгүй яг л тэр замаараа явж чадсан. Хар дүртэй боловч дотор талдаа Бодисадвагийн дүрээр хувилсан агуу гайхамшигтай хүн.

-Андиад зориулсан сольдивын утгын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Андиагийн хоёр сольдив байгаа. Сольдив гэдэг маань хувилгаанаар тодруулаад тэр үйлсийг нь батжуулаад, зам мөрийг нь зассан  ерөөл магтаал гэж ойлгож болно. Нэгийг нь  Дилова хутагт Жамсранжав зохиосон, нөгөөхийг нь  1922 онд Лашин хувилгаан Агваанпринлайжамц гэдэг  бичгийн мэргэн зохиосон. Тэдгээр сольдивуудад  ерөөсөө л үйлс зохионгуйг нь магтсан,  бурхны шашны намтаруудыг дурдсан агуулгатай байдаг. Бас нэг  азтай нь гэвэл хоёр сольдив нь  бичгийн хэлбэрээрээ шавь нарынх нь дунд түгэн дэлгэрсэн. Энэ бол Андиагийн намтар түүхийг тодруулахад, баримт олоход маш чухал эх сурвалж.

-Андиа тухайн үеийн нэршлээр  агент (худалдааны ажил) хийдэг байсан. Худалдаж  байгаа  гурил, сахаранд шившлэгээ шившээд хүмүүст өгдөг байсан гэж манай нутгийнхан ярьдаг шүү дээ…?

Нэгдүгээрт, манайхан өөрсдөө тэгж хүлээж авдаг байж.  Хоёрдугаарт, “Тийм юм авья” гэхээр нь “Өөрөө гараад авчих аа” гэдэг байж. Тэгэж хүнд итгэдэг.  Андиад худлаа хэлж чадах хүн бас байхгүй. Тэгснээрээ  тэр нийгэм, тухайн үеийнхээ нийгэмлэг, тэр сумын ард түмнийг тийм сайхан шударга, үнэнч, зарчимч хүмүүжүүлж чадсан юм уу гэж бас боддог. Нээрээ л Андиагаас гурил авна, будаа авна гэдэг чинь учиртай. Бурхан хүний гараас авч байна шүү дээ. Тэнд сэтгэлийн их долгион, итгэл, бишрэл дамжиж  байна.   Нутаг усныхаа бүх л хүнд  тэгш энэрэнгүй,  нэгэн сэтгэлээр ханддаг жинхэнэ буддизмын сургаалыг өөрөө биечлэн үзүүлж чаддаг хүн байсан. Хэлж байгаа үг нь хүртэл дандаа  гүн ухааны яриа хэлэлцэнэ.

Отгон сумын харьяат Юнрэндорж гуай гэж сайхан түүх хүүрнэдэг хөгшин бий.   Тэтгэвэрт гарах дөхөөд   аймагт  суурьших уу, нутаг руугаа явах уу гэдэг эргэлзээгээ тайлахаар Андиатай уулзаж л дээ.  Уулзаад, ярих юмаа асуугаагүй байтал л “Нутаг  ч мөн сайхан шүү дээ”  гэж хэлсэн гэнэ.  Тэгээд л  Юнрэндорж гуай  “Намайг нутагтаа оч гэж байгаа юм байна” гэж бодоод л  Отгондоо очоод амьдарсан. Нэг ахынх нь бие их тааруухан, тэгээд Андиагаас очоод асуусан чинь  арц рашаан боож өгснөө  “Энэ хөл ерөөсөө засал авахгүй юм байна даа. Ер  засал авахгүй юм гэж байх юм даа” гэж хэлсэн.  Юнрэндорж гуай “Одоо ч засал авахгүй юм байна даа. Цаг нь  ирэхээр, үйл нь ирэхээр хүн юунаас ч зайлж чаддаггүй” гэж бодох жишээний. Юмыг  шууд хэлэх биш, тэгэж гоё ухааруулж өгч байгаа нь  жинхэнэ хутагт хувилгаан хүний л шинж юм даа.

– Андиа бол Тойн хувилгааны  хойт дүр юм байна. Тойн хувилгааны    урд   дүр, тэрний урд   дүрийнх нь талаар ер нь судалж үзсэн үү?

– Тойн хувилгаан бол Номчийн хувилгааны гуравдугаар дүр. Дуулвал  дуулчихдаг, уувал ч уучихдаг,  айраг уугаад ард түмнийхээ дунд   л хүмүүстээ сургаалиа хайрлаад явж байсан, их гоо сайхан төрхтэй залуу байж.   Тэгэж явж байхдаа л миний түрүүний хэлсэнчлэн дараагийнхаа дүрийг тодруулаад, дараагийнхаа дүрд шилжээд хүрээд ирж байгаа. Бурханы шашны түүхэнд аман түүх чухал ач холбогдолтой.   Тэгээд гуравдугаар дүр, дөрөвдүгээр дүр гэдгийн энэ учрыг хэнээс олж мэдээд байгаа юм бэ гэвэл гол эх сурвалж маань настайчуудын аман түүх, сольдив юм. Отгон сумын Юнрэндорж гуай  гэж  үүх түүхээ мэддэг өндөр настай хүн бий. Азаар бидний дунд манай нутгийн Гочоо гуай гээд их сайхан хүн байлаа. Ой ухаан, ой санамж болоод үлдсэн настайчуудаасаа  цаг алдалгүй  сонсч, тэмдэглэж авсан нь бас азтай гэж боддог.  Аман   түүх заавал зуун хувь үнэн байх албатай биш л дээ. Тэгэхээр зэрэг аман түүхийг хоёр, гурван эх сурвалжуудтай тулгаж үзвэл дээр байдаг. Тэгээд Гочоо гуайн ярьсан, Жүгдэрсүрэн гуайн ярьсан, за тэгээд манай бусад нутгийн маань ахмадуудын ярьсан зүйлүүдтэй харьцуулахад Андиа бол яах аргагүй Номчийн хувилгааны дөрөвдүгээр дүр гэдэг нь тодорхой  болж байгаа юм. Сольдив дээрээ энэ нь бас тодорхой бий. Тийм учраас  үүнд эргэлзэлгүй итгэж болох нь ээ.   Цаашдаа манай нутгийн  судлаачид, шашныхан  дэлгэрүүлэн судалж, олон талаар  судалгаанд оруулах, олон түмэнд хүргэж боломж бий.

 Дилова хутагт Андиад зориулсан сольдивыг бичсэн гэхээр хувилгаанаар тодруулахад гол үүрэгтэй оролцож, тиймээ?   

-Дилова хутагт тодруулсан. Манай  тэр Хошууч   мэргэн бэйсийн хошуу нь шашны том мяндагтнууд  олонтой. Дилова хутагт, Нарабо хутагт. Дээрээс нь  Лашин хувилгаан Агваанпринлайжамц гээд  бичгийн их том мэргэн хүн  байна.  Дуутын хүрээнд сууж байсан  Наймдугаар Богдын  ёнзин, төвөд  лам Данзанхайдав гээд байна. Арь гэгээн гэдэг юмдаа. Энэ олон шашны томчуудын нөлөө, шашин мандаж, дэлгэрсэн сайхан цаг таараад Андиа маань таван  настайдаа 1924 онд  албан ёсоор Отгон сумын Гэндэнпил хийдийн ширээт буюу хамба ламаар өргөмжлөгдсөн түүхтэй.

ЦАГААН САРААР АЙЛУУД АНДИАГ ЦАЙ УУЛГАНА ГЭДЭГ БОЛ ТЭР ЖИЛИЙН ЗАСАЛ БОЛДОГ БАЙСАН

-Андиа гэгээн  ид шид үзүүлдэг хүн байсан. Аавыг маань  хүртэл ид шидийн хүчээр илааршуулж байсныг би санадаг. Энэ талаар сонирхолтой түүх хуваалцаач?

-Андиа төрөхдөө л  Монгол оронд хутагт, хувилгаад яаж төрдөг билээ, тэр бүх бэлгэ,  ид шидийг үзүүлээд төрсөн. Сүүлд  шашин ном хаагдаад ирэхэд тэнд нэг сүрхий хүүхэд байгаа юм гэнэ лээ гээд хүмүүс ирсэн. Хучлагыг нь сөхөөд харсан чинь жижигхээн хүүхэд унтаж байсан гэсэн.  Чоймаа багшийн бас  нэг дурсамж байдаг.  Андиагийнхыг зорьж явсан чинь хүмүүс бараг  нүүчихсэн байх даа гэсэн байгаа юм.  Яваад очиход нүүгээгүй байсан.  Гэтэл Андиа “Холоос хүн ирэх нь. Тэр холын хүнийг чирэгдүүлээд  яахав. Хоёр, гурав хоноё” гэсэн. Ийм энгийн юм шиг хэрнээ, ид шидийн  чадварууд нь  өдөр тутам л ажиглагддаг байж.

Гуравдугаар ангид байхдаа би кор тусаж өвдөөд гэртээ ганцаараа хэвтэж  байсан чинь Андиа ороод ирсэн. Буурал ээж аргал оруулах гээд гараад явсан байсан. “Чи яагаад хэвтэж байгаа юм  бэ” гэж надаас асуухаар нь “Кор туссан” гэсэн чинь  миний духыг гараараа адис өгч илчихээд гараад явсан. Буурал ээжийг орж ирэхээр нь “Сая Андиа орж ирээд гарлаа” гэсэн араас нь гүйгээд гарсан. Андиа байгаагүй. Хэнд  тусламж, дэмжлэг хэрэгтэй байна, тэрийг яг мэдэрч ороод тэр хүнд ач ивээлээ хайрладаг ийм сайхан хүн байсан. Залуудаа, чадалтай цагтаа сумынхаа төвөөр нэг эргэчихдэг, айл  болгонд очиж цай уудаг.

Цагаан сараар айлууд Андиаг цай уулгана гэдэг бол тэр жилийн засал болдог байсан. Их бэлтгэж цай уулгана.  Андиад бэлэг өгнө, эргүүлээд  өгснөөс нь илүү, бүр давуулаад бэлэг өгчихдөг байсан.  Бид өгсөн бэлгийг нь хэрэглээд л  бараг тэр жилийнх нь засал ном болчихдог байсан. Манай  сумын бүх л хүмүүс  Андиагаасаа шашны боловсрол авч байсан. Нэг удаа ээж маань орж ирээд “Андиа нэгдлийн малын тоог дарж тоолуулж болохгүй” гэж хүмүүст хэлж байна гэж ярьсан. Надад тэр үед   ерөөсөө худлаа хэлж болохгүй юм байна гэсэн бодол   төрж байсан.  Одоо эргээд бодоход   яг л тэр хүүхэд насанд хүчтэй нөлөөлж сонссон юм, үзэгдэл, үйл явдал    хүний насан туршийн хүмүүжлийн  түлхүүр цагаан толгой нь болж  өгдөг юм байна. Тэгэхээр Андиа маань Буддизмыг өөрийн биеэрээ үлгэрлэсэн шашны зүтгэлтэн байжээ.

-Хошууч мэргэн засгийн хошууны түүх, соёлын сэдвээр зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд  Лашин хувилгааны тухай илтгэл тавьсан.  Манай нутгийнхан энэ хувилгааныхаа талаар хэр мэдэх вэ?

-Манай нутагт  олон хутагт, хувилгаад,  эрдэмт бичгийн мэргэд төрдөг нь  цаст   уулын эрчим хүч, Очирваань бурханы лагшин оршсон оронтой  холбогдож  байгаа гэж ойлгодог. Энэ хаврын тэр хуралд    “Очирвааны мэргэдийн чимэг Лашин хувилгаан Агваанпринлайжамцын үйлс зохионгуй” гэсэн нэртэй илтгэл хэлэлцүүлсэн. Бодож, бодож илтгэлийнхээ нэрийг олоод их баярласан.

Лашин хувилгаан бол Завхан аймгийн Отгон сумын нутагт 1869 онд төрсөн, Цагаанбөө гэдэг хүний хүүхэд юм билээ. Цагаанбөө гэж хүн 12 хүүхэдтэй байсан. Хүүхдүүд нь эсвэл бөө, эсвэл лам болдог өнөр өтгөн айл байж. Жалцав бөө, Лхадан бөө, Дүүрэн бөө ч гэсэн хүүхдүүдтэй. Тухайн үед оюуны асар том эрч энергитэй хүмүүс бөө болоод байдаг байсан. Энэ сайхан гэр бүлийн нөлөө, дээр нь  Дилова хутагт, Наробанчэн гэгээн, Арь гэгээний нөлөөгөөр Лашин хувилгаан бол алс баруун хязгаарын нэг  жижигхэн хийдээс   Хүрээ хүртэл нэр алдраа цуурайтуулж,  шашны  том зүтгэлтэн болж төлөвшиж, хөгжсөн түүхтэй хүн байгаа юм.

Лашин хувилгааны талаарх судалгааг номч мэргэн гавж С.Гомбожав гуай монголчуудын төвөдөөр бичсэн зохиолын талаарх судалгаандаа анхлан танилцуулсан юм билээ. Энэ тухай  Гавж Ш.Сонинбаяр гуай   манай нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан хуралд   ярьж байсан. Нутгийн  ойн номуудад ч   тодорхой материал хэвлэгдэж байсан.

Хамгийн сүүлд ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн судлаач О.Сүхбаатар гуайн “Монгол орны тахилгатай уул усны сан судрууд” номонд  Лашин хувилгааны судар номуудыг оруулсан байсан.

Дуутын хүрээнд сууж байсан өвгөн лам 1986 онд Сонинбаяр багшид   Лашин хувилгаан,  Наймдугаар  Богд, Сайн Ноён Хан Намнасүрэн нарыг нас  чацуу могой жилтэй улсууд байсан юмаа гэж дурсан ярьснаас үүдээд Лашин хувилгаан бол 1869 онд төрсөн хүн гэж тодорхойлсон. Лашин хувилгаан бусад ах дүү нарынхаа адилаар бөө болсонгүй,   Дуутын хүрээнд шавилан суугаад бурханы шашны ном эрдэмд суралцсан.   Дуутын хүрээ бол  зурхайчдаараа алдартай,  гүн ухааны дацантай том хүрээндээ орно.

Лашин хувилгаан тэндээ  Дүйнхор дацангийн том хамбыг нь хүртэл хийж шашны боловсрол эзэмшжээ. Наймдугаар  Богдын номын багш нь Арь гэгээн Данзанхайдав гээд Дуутын хүрээтэй  их холбоотой. Төвөдөөс ирж, наймдугаар Богдын номын багш болсон  Арь гэгээн Дуутын хүрээнд ирсэн нь  Лашин хувилгаанд  маш ач буянтай учрал тохиол болсон.  Андиа гэгээнийг ч  тодруулахад бас түлхэц үзүүлсэн түүхтэй.

-Лашин хувилгаан тахилгатай уулын сан сэржим зохиосон гэв үү?

-Лашин хувилгаан бол шашны зүтгэлтэн төдийгүй  сан, судруудыг зохиосон зохиолч хүн. Хамгийн өргөн тархсанаас нь дурдвал, Дөрвөн уулын сан сэржим, Богд Очирваань уулын тахилгын сан байна. Бүр наймдугаар  Богдын дэлгэрэнгүй намтрыг Богдын дэргэд байж  зохиосон ийм алдартай бичгийн хүн юм. Гэтэл одоо хүртэл   Лашин хувилгааныг төвөд  лам гээд зарим ном зохиол дээр хүртэл андуурч бичсэн байдаг.

Бид л монгол хүн, монгол хүн дотроо бүр манай хошууны хүн юмаа гэдгийг  дэлгэрүүлж өгөх шаардлагатай. Сүхбаатар гуайн  бичсэн сан, судруудын эмхэтгэл дээр хүртэл  төвөд лам гээд бичсэн байх жишээний. Тийм учраас Лашин хувилгааны судалгаа дөнгөж эхэлж байгаа гэж үзэж байгаа. 1900-гаад  оны эхээр хувилгаанаар тодорчээ гэж үзсэн.  Учир нь  1906 онд Монголд Далай ламыг ирэхэд Лашин хувилгаан ном бүтээлээ өргөсөн.

Тэгэхэд Далай лам Лашин хувилгаанд ханчин гэдэг цол өгч, улмаар хийд байгуулах зөвшөөрөл өгснөөр манай сумын нутагт  Өргөн Ширэгийн хүрээ байгуулагдсан түүхтэй. Өргөн ширэгийн хүрээ бол Лашин хувилгааны үүсгэн байгуулсан анхных нь хийд.  Бурханы шашны ном, эрдэмд  нэвтрээд,  хувилгаан болоод, цол ямбаа аваад, дараа нь  өөрийнхөө хийд, дэг сургуулийг үүсгээд, сан, судар зохиогоод.   Цаанаасаа л нэг тийм ундарсан, маш бүтээлч хувилгаан хүн  байжээ гэж санагддаг.

Үүнийг   Агваанпринлайжамц гэдэг сахилынх нь нэртэй холбоод тайлбарлавал их гоё агуулгатай. Агваан гэдэг нь хэлний эрхтэй гэсэн үг, Принлай гэдэг нь үйлс гэсэн үг, жамц гэдэг нь далай гэсэн үг. “Хэлний  эрхээр үйлсийг далай мэт бүтээж явах” гэсэн  утга агуулга тодорч байгаа биз.  Богдын дэргэд шадарлаж,  Богдод  намтрыг нь бичиж чадна гэдгээ хүртэл  харуулж таниулж, явснаас харахад л маш сайхан үйлс нь дэлгэрсэн хувилгаан хүн байжээ.

Тэгээд Богдынхоо дэргэд байж байсан чинь цаг төр өөрчлөгдсөн. Тэгсэн ч гэсэн Лашин хувилгаан Хүрээнээс яваад  ах, дүү нартайгаа нийлээд Архангай аймгийн Ихтамир суманд Шивэртийн дугана гэдгийг байгуулсан.  Хаана л явна, тэндээ өөрийнхөө эрдэм номыг дэлгэрүүлээд явж байсан нь эндээс бас харагддаг. Яаж бие барсан бэ гэдэг нь хараахан тодорхой биш. Мэдээж  баруун хязгаараас Богдын хүрээ хүртэл нэр цол нь дуурссан, Богдын намтрыг бичсэн хүн чинь зиндаа дээгүүртээ орно. Тэгээд мэдээж баривчлагдаж, хувь заяа нь төгссөн болов уу.

Ер нь Лашин хувилгааныхаа тухай  архивын баримтуудыг цаашид судалж үзүүштэй.  Мөн Төв номын санд хэд хэдэн судрууд нь  байж байгаа. Тэгэхээр манай нутгийнхан энэ сайхан хувилгааныхаа талаар илүү ихийг судлах, мэдэх, хойч үедээ өвлүүлэх нь нэн чухал байгаа юм аа.

 

Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn