Ерөнхийлөгчийн Тамгын газраас Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Уг төслийг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэв.
Одоогийн хуулиар дөрвөн хүүхэдтэй эхэд “Алдарт эх” 2-р зэргийн одон олгодог ба бага хүүхэд нь заавал нэг нас хүрсэн байх шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байх ёстой. Гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд ч хамаарна. Харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд одон авахад хамаарахгүй заалттай.
Эх дөрвөн хүүхэд төрүүлчихээд одонгоо авахаас өмнө нэг хүүхэд нь нас барсан бол дээрх шаардлагад нийцэхгүй. Иргэд үүнийг шударга бус гэж үзсэн учраас “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамруулахаар тусгана” гэж өөрчлөхөөр төсөлд тусгажээ. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс жилд нэг удаа олгодог одонгийн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэх санал гаргасан. I зэргийн одонтой ээжид жилд нэг удаа 200 мянга, II зэргийн одонтой бол жилд нэг удаа 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог.