Энэ долоо хоногийн сүүлээс эхлэн хямд үнэтэй импортын гурил хэрэглэх сонголттой болж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.
Тэрбээр “Гурилын үнэ хямдарч байгаа. Өнөөдрийн байдлаар Увс аймагт 50 кг дээд гурил 65 мянга, 50 кг нэгдүгээр гурил 59 мянгаар худалдаалагдаж байна. Завхан, Баян-Өлгийн, Увс аймгуудад гурилын үнийн нөлөө гараад эхэлсэн байна.
Энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 2000 орчим тонн гурил орж ирж байна. Улаанбаатар хотын хэрэглэгчид энэ долоо хоногийн сүүлээс хямд үнэтэй орос гурилыг худалдан авах боломжтой болж байна.
Дотоодын гурилаа авах уу, импортын гурилаа авах уу гэдэг нь сонголтын асуудал.
Нэг номерын дарамтын асуудал үнийн өсөлт байгаа. Нэгдүгээрт гурил, хоёрдугаарт эм, гуравдугаарт нь шатахуун гэж орон нутагт үнийн өсөлт эрэмбэлэгдэж байна. Улаанбаатарт мах, гурил, сүү гэсэн хүнсний бүтээгдэхүүний өсөлт байна.
Суурь бүтээгдэхүүний үнийг буулгах бодлогыг Засгийн газар баримталж байна” гэлээ.