Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.14/ хуралдаанаар алчны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар тогтлоо. Хуулийн төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн “нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан улс орон байх” зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд манай улсын өргөн уудам нутаг, хил хязгаар болон нүүдэлчин ахуй, соёлыг үеэс үед өвлөн хадгалж, хамгаалж байгаа уугуул иргэд болох малчид, малчин өрхийн талаар төрөөс баримтлах бодлогод онцгой анхаарч, тэдгээрийн нийгмийн баталгаа, амьжиргааны нөхцөлийг сайжруулах, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлээ тогтвортой эрхлэх, хөгжих таатай боломжийг бүрдүүлэх эрх зүйн үндэслэл, шаардлага байна. Малчдын эрх зүйн байдлыг холбогдох хуулиудтай уялдуулж, бие даасан хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай тул уг хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Хуулийн төслийн зорилго нь уламжлал, өв соёлыг хамгаалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх малчны эрх зүйн үндсийг тодорхойлох, малчны хөгжил, бүтээмж, хариуцлагатай байдал, хамтын санаачилга, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ.
Хуулийн төслийн онцлох заалтуудыг хүргэж байна:
- Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчин өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх үүднээс хөрөнгө оруулалт, хөгжлийн зээл, дэмжлэг, санхүүгийн үйлчилгээг сайжруулах;
- Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл бэлчээрийн чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах;
- Байгалийн гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин нь ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд хөдөлмөр хөлсний 4 жилийн доод хэмжээтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох;
- Байгалийн гамшигт болон аюулт үзэгдэлд нийт мал сүргийнх нь 50 хувиас доошгүй нь өртсөн малчин өрх болон хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэл малтай, 16-40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах;
- Хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлнэ