Ногоон автобусны асуудлаарх Түр хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар ногоон автобусны талаар сонсголыг тавдугаар сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Худалдан авах үйл ажиллагаанд ямар албан тушаалтнууд оролцсон, ногоон автобус ямар хэмжээний стандарт хангасан, шинэ автобус уу хуучин автобус уу гэсэн шинжээчийн дүгнэлтийг сонсоно гэлээ.
Сонсголд, давхардсан тоогоор 98 хүнийг гэрчээр дуудлаа. Тухайлбал, Хотын дарга асан Д.Сумъяабазар болон Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг гэрчээр дуудлаа.