Халамж хэрэгтэй иргэнд олгох хүнсний дэмжлэгийн мөнгийг сард 20 мянган төгрөг болгожээ

Нийгмийн халамжийн тухай хуулиар  нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд “Хүнсний бүтээгдэхүүн, эсхүл хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох” тухай заасан байдаг.

Үүний дагуу 2017 оноос хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд хүнсний эрх бичиг олгож иржээ.

Уг асуудлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан сайдын баталсан журмаар зохицуулдаг бөгөөд өнгөрсөн есдүгээр сард Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын тушаалаар уг журмыг шинэчилжээ.

Ингэхдээ хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийн босго оноог  180 болгосон байна.

Мөн эдгээр өрхийн гишүүдэд сард олгох дэмжлэгийн хэмжээг нэг хүүхдэд 8000 төгрөг байсныг 12 000 төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 16 000 төгрөг байсныг 20 000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоожээ.

Шинэчлэгдсэн журамд дараах зохицуулалт туссан:

  • Өрхийн гишүүнээс хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлээгүй гишүүнд үйлчилгээг олгохгүй;
  • Хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхэлж байгаа гишүүнд хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах зорилгоор үйлчилгээг үзүүлэх;
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд олон жил хамрагдсан эсхүл өрхийн амьжиргааны түвшин дээшилсэн өрхийг энэ үйлчилгээнд хамруулахгүй харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах;
  • Ядуу өрхүүдэд чиглэсэн өрхийн хөгжлийн төлөвлөгөө  боловсруулж өрхтэй ажиллах, хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт хамруулах, эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрт хамруулах;
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тэжээн тэтгэх хүүхэдгүй ганц бие харж хандах хүнгүй ахмад настанд түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлэх;
  • Хоол тэжээлийн дутмагшлын улмаас хүнд хэлбэрийн тураалтай хүүхэд болон гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг судлан үйлчилгээнд хамруулах;
  • Халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах зэрэг болно.

Эх сурвалж: ГБХНХЯ

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn