Жил бүрийн өдийд малчид ямаагаа самнаж, ноолуураа авчихаад аль үнэйтэй авч байгаа ханшийн мэдээг үзээд суудаг. Гэвч энэ жилийн тухайд өнгөрсөн өвөлжилт, хаваржилт хүнд орсон тул малчид ямаагаа өмнөх жилүүдээс арай хожуу самнаж эхэлжээ. Зүүн аймгийн малчид дөрөвдүгээр сарын эхээр ямаагаа самнаж эхлээд энэ сарын эхээр дийлэнх нь самнаж дуусчээ. Харин баруун аймгуудын малчид тавдугаар сарын 10-наас ямаагаа самнаж эхлэх тухай яригдаж байна.
Ноолуурын үнэ “Малчин лавлах” 109 мэдээллийн төвийн мэдээлснээр өчигдөр дараах үнэтэй байв.
Зүүн аймагт: 150000-155000 төгрөг
Баруун аймаг:140000-155000 төгрөг
Төвийн аймагт: 150000-155000 төгрөг
Говийн аймагт: 120000-140000 төгрөгийн ханштай байна.
Энэ жил ноолуурын үнэ ханш хэдээс эхэлж байгаа, экспортод хэдий хэмжээний нолуур гаргах талаар Хөдөө аж ахуйн бирж, арилжааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Алтайгаас https://news.mn/-н сэтгүүлч тодруулжээ.
Тэрбээр “Өнгөрсөн жил Хөдөө аж ахуйн биржийн арилжаан дээр ноолуур дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн орж байсан. Энэ жил өвөлжилт хүнд байсан учир дөрөвдүгээр сарын 20-д гаргаж биржийн арилжаанд орж эхэлсэн. Ноолуурын үнэ 2023 онд зүүн аймгуудад нэг кг нь 160 мянган төгрөгөөс эхэлж байсан. Харин энэ онд 185 мянган төгрөгөөс эхэлсэн байгаа. Зудад 3 сая орчим ямаа хорогдсон. Энэ нь өнөө жилийн ноолуур бэлтгэлээс 1000 тн орчим ноолуур хасагдаж байна гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудад нэг кг ноолуур 155 мянга төгрөгийн үнэтэй байгаа. Ерөнхийдөө зүүн аймгийн малчид ямаагаа самнаж дууссан. Говь болон хангай, төвийн бүсийн малчид цаг дулаарахыг хүлээж байна. Тавдугаар сарын дундуур самнаж эхлэх байх. Ноолуурын гарцаас шалтгаалан аймгуудын ноолуурын үнэ өөр өөр байдаг. Монгол Улс дэлхийн ноолуурын 46 хувийг хангаж байна. Жилд дунджаар 9500 орчим тонн ноолуур бэлтгэдэг. Үүнээс 7000 тонн ноолуурыг экспортод гаргадаг. Үлдсэн 2000 тонн орчмыг нь дотоодын үйлдвэрүүд боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож арилждаг.
2023 онд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан 6300 тонн ноолуур экспортолсон. Монгол Улс ноолуураа угаасан болон самнасан хэлбэрээр гаргадаг. Түүхий ноолуур гаргадаггүй. 2022 оны аравдугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч ноолуурыг зөвхөн самнасан хэлбэрээр экспортод гаргахаар болсон. Энэхүү тогтоол ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Самнасан хэлбэрээр экспортод гаргах нь нэмүү өртөг шингэнэ. Ажиллах хүч, боловсруулалтад гардаг бүх нэмүү өртөг нь Монгол Улсад шингэж үлдэх давуу талтай. Угаасан ноолуурыг 100 хувь Хятад улс руу экспортолодог. Харин самнасан ноолуурыг Өмнөд Солонгос улс болон Итали,Франц, Энэтхэг, Япон зэрэг улс руу экспортолдог” гэсэн байна.