Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцсэн, 850 хүний багтаамжтай шинэ театр өнөөдөр албан ёсоор нээгдлээ.
Анх 1951 онд Хүүхдийн төв театр нэртэй байгуулагдаж, 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон өргөжүүлэн ажиллаж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар үйл ажиллагаагаа зогсоож улмаар улсын хэмжээнд хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болоод байсан юм. Тэгвэл 2021 оны 6 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд Хүүхэд, залуучуудын театрыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн 330 мянган иргэн төдийгүй нийт Монгол улсын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдэж байна.
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла”уянгын драмын жүжгээр хөшгөө нээж, “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “18 дахь хаврын хайр” уянгын драмын жүжгийг үзэгч олонд толилуулах юм.