Ж.Мөнхдэлгэр: Ямаан усны судалгааны зардлыг аймгийн төсвөөс хасуулсан Г.Өнөрбаяр дарга одоо ч шийдэж өгөөгүй байна

Монгол улсын нутаг эртний түүх соёлын дурсгалаар нэн баялаг. Тэр дундаа монгол төрийн түүхийг эхлүүлэн тооцдог Хүннү гүрэнд хамаарах булш оршуулгаар баян. Хангайн нурууны баруунтаа Хүннүд хамаарах язгууртны оршуулгын цогцолбор дурсгалыг илрүүлж малтан судалж байгаа тухай хэдэн жилийн өмнөөс шуугиан дэгдэж тэндээс олдсон дурсгалууд Монгол улсаас олдсон цор ганц болон гайхамшигтай олдворууд болох тухай мэдээлэгдсэн. Миний бие ч энэхүү малтлагын ажлыг ахлан ажилласан ШУТИС-ийн багш, археологич, доктор Д.Хатанбаатартай /https://gereg.mn/16349/ ярилцлага хийж байлаа.  Тус ажил Монголын археологийн салбарын оны шилдэг ажлаар шалгарч байсныг ч санаж байна.

Энэ удаа Завхан аймгийн Алдарханн сумын Ямаан ус хэмээх газарт орших Хүннүд хамаарах уг цогцолборыг анх тогтоож, тэндээ судалгааны ажил явуулах асуудлыг санаачилж, хэрэгжүүлсэн доктор Ж.Мөнхдэлгэрээс судалгааны ажлын талаар сонирхлоо. Энэхүү судалгааг эхлүүлсний учир аймгийнхаа оны хүнээр хүртэл шалгарч байсан Ж.Мөнхдэлгэр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгчийн албыг хашиж буй. Тэрбээр “шагайн наадгай”-г судална, археологийн хайгуул малтлагад оролцон, эх орныхоо түүн дотроо Завхан нутгийнхаа түүх соёлыг судлалцаж яваа залуу эрдэмтэн юм. Эдүгээ Шинэ Зеланд улсад суралцан судалгаа хийж яваа ажээ.

-Хол газрын сонин, ямар ажил эрхэлж байгаа тухайгаа эхлээд хүүрнэвэл сонин болов уу?

– Би 2025 оны 9-р сарын нэгнээс Шинэ Зеланд улсад суралцаж, судалгаа хийж, амьдарч байна. Монголчуудын төдийгүй Дэлхий дахинд өргөн тархсан “Шагайн наадгай”-г судалж явнаа. Хүн төрөлхтөнд 5000 – 8000 жилийн тэртээ зөвхөн тоглоом наадгай төдийгүй “Шүтлэг бишрэл, зан үйл”-ийн өргөн агуулгатай байсан нь олон талын судалгаагаар нотлогдож байна.

-Монгол дахь судалгааны ажлуудын тухай, шагайн харвааны судалгаа гэх мэт.

– Шагайн харвааны гарал үүслийн тухай судалгааг хийж Хүннүгийн үед лавтай байсныг тогтоосон. Түүнээс ч өмнөх үед олон мянган жил нүүдэлчдийн үндсэн наадгайн нэг байсныг тодруулж байна.

-Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан ус хэмээх газарт байгаа Хүннүгийн язгууртны булш оршуулгын дурсгалыг та анх бусад судлаачиддаа судлахыг санал болгосон гэдэг билүү ?

– Хамгийн анх 2021 онд олж илрүүлэн, ШУТИС-ийн судлаачид болох доктор Ю.Болдбаатар, доктор Д.Хатанбаатар нарт хандсанаар энэ аялал эхэлсэн дээ.

 -Хангайн нурууны баруун бие дэх тус дурсгалын онцлог, археологийн шинжлэх ухаанд нээлт болохоор олдворууд олдож байгаа гэдэг…

-Маш олон олдвор цоо шинээр олдсон. Археологийн судалгаа нэг хоёр жилээр тайлбарлагдаж дуусдаггүй. Судалгааны ажил үргэлжилсээр л байна. Утлагын сав Монголд ганц олдсон хосгүй олдвор. Мөн Тогорууны шилбэний ясаар хийсэн хөгжмийн зэмсэг, сүйх тэрэгний хэсгүүд зэрэг олдворууд байна. Нумын ясан гичирт сийлсэн бичгийг тайлж уншиж байна. Судалгаа үргэлжлээд явж байна.

-Энэхүү судалгааны ажил эхлээд 4-5 жилдээ яваа. Энэ хугацаанд малтлага хичнээн удаа хийв ээ?

-Малтлага судалгааг 2022, 2023, 2024 онуудад хийж гүйцэтгэлээ. Энэ хугацаанд малтан судалсан бүхий л хүний яснуудад олон талын шинжилгээ хийлгэхээр олон улсад өөрсдийн боломжоор судалгаа хийлгэж байна. Материалын судалгааг мөн дотоод гадаадад хийсээр байна.

-Эрдэм шинжилгээний өгүүллүүд олноороо гарч, хамтын бүтээл ном ч гарсан тухай гээд сонирхох асуудал олон байна?

-Одоогоор Монгол улс, АНУ, БНСУ, БНХАУ зэрэг улсуудад илтгэл, өгүүлэл хэвлүүлээд байна.

-Хээрийн судалгааны ажил /Малтлага/ санхүүжилтийн хувьд адармаатай гэдэг. Та бүхнийг судалгаагаа анх хийж эхлэхэд УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн сан санхүүжүүлсэн гэдэг.

-Анхны судалгаанаас эхлээд УИХ-ын гишүүн байсан Ц.Цэрэнпунцаг, Титан товер ХХК-ын захирал Д.Чулуунбат тэргүүтэй үндэсний соёлд элэгтэй зүтгэлтнүүд хөрөнгө оруулж дэмжсээр ирсэн. Мөн Завхан аймгийн тухайн үеийн удирдлагууд Засаг дарга Д.Түвшинжаргал, Алдархаан сумын удирдлагууд, Засаг дарга МУСГЗ Ю.Дэлгэрнасан нар дэмжсээр ирсэнд талархаж байна.

-Одоо санхүүжилт юу болж байгаа вэ.

-Археологийн судалгаа цөөн жилд үр дүн гардагүй. Энэ явцад аймаг, сумын удирдлагууд солигдож үл ойлгогдох байдал үүсгэж байна Жишээ нь: 2024 онд Завхан аймгийн Засаг даргаар сонгогдсон Г.Өнөрбаяр 2024 оны аймгийн төсвөөс хасуулсан, дараа нь “Та хэд ажлаа хийж бай, шийдэж өгнө” гэж хэлсээр өдийг хүрч байна. 2024 оны малтлага, судалгаанд “Огторгуйн цагаан гарьд” сан 10 сая төгрөг, Аймгаас 10 сая төгрөг өгснөөр эхэлсэн. Г.Өнөрбаяр засаг даргатай олон удаа уулзсан, ярилцсан боловч шийдээгүй өдийг хүрч байна. ШУА-ийн судлаач бид сард гар дээрээ 2 сая гаруй төгрөгийн цалин авдаг. Энэ төсөлд оролцсон 30 орчим оюутан, 2 тогооч, 4 жолооч, гэр түрээсэлсэн хүмүүсийн тулгамдсан зардлыг зээл авчах гэх мэтээр болох бүхий л газраас авч өгсөөр өдийг хүрлээ. Үүнээс цааш туйлдаж байгаагаа л хэлэх байна. Г.Өнөрбаяр гэдэг хүн болноо , та нар ажилдаа гар гэж хэлээгүй бол ийм байдалд хүрэхгүй байлаа.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn