Л.Оюун-Эрдэнэ сайдуудаа өөрөө мэдэж томилох чадамжгүй явсаар байх уу?

Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өдөр тутмын сонинд   ярилцлага өгөхдөө   Л  Х.Нямбаатар, Н.Учрал, Ц.Туваан, О.Алтангэрэл  өөрт нь  хань болж, гал авч чадаж байгааг хэлэхийн зэрэгцээ танхимд нь  “шимэгчид” байгааг бас хэлжээ. Үүнээс үүдэн Л.Оюун-Эрдэнэ сайдууддаа халаа сэлгээ хийх үү гэсэн бор шувуу нисч байна. Гэхдээ чадах уу? Гэдэг асуулт дагалдаж байна.

2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт,өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд  сайдуудаа өөрөө мэдэн томилох эрхтэй болсон бөгөөд хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллахдаа Л.Оюун-Эрдэнэ энэ эрхийг эдэлж буй. Энэ хугацаанд Л.Оюун-Эрдэнэ гурван ч удаа сайдуудын томилгоо хийсэн бөгөөд нэг дэх нь эхний удаа Ерөнхий сайд болохдоо буюу 2021 оны нэгдүгээр сард, хоёр дахь нь 2022 оны наймдугаар сарын сүүлээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүх сайдууд давхар дээлтэй болох боломж бүрдсэн тэр үед, гурав дахь нь 2024 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайд болох үедээ сайдуудын томилгоог Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд “өөрөө” хийсэн.

“Өөрөө” гэдэг үгийг хашилтад хийсний учир нь Л.Оюун-Эрдэнэд  Үндсэн хуулийн эрх мэдэл нь бүрэн гүйцэт ирж чадахгүйд байгаа юм.   Түүнийг  улстөрд дэмжиж оруулсан У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр ах нь хоёр тийшээ чангаахын дээр   МАН, АН  доторх бүлэглэлүүдийн тохироогоор сайдуудаа томилж иржээ.  Мэдээж хамтарсан Засгийн газарт ХҮН нам орж ирсэнтэй ч холбоотой.

Л.Оюун-Эрдэнэ  ярилцлагадаа дурдсан “шимэгчид” бол жишээ нь, 2021 оноос хойш үндсэндээ таван жил тасралтгүй гурван томилгоог дамжин сайд хийж буй хүмүүстэй холбоотой хэлсэн үг болов уу. Тэд ажлаа сайн хийсэн ч бай, муу хийсэн ч бай сайдаар томилогдсоор байгаа нь тэдний цаана нөгөө л ах нар, бүлэглэлүүдийн эрх ашиг байгаатай холбоотой.

Л.Оюун-Эрдэнийн танхимд 2021 оноос хойш тасралтгүй таван жил сайдаар ажиллаж байгаа хүмүүс:

  • Шадар сайд С.Амарсайхан (МАН-ын генсек асан, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн фракц)
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг (Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракц)
  • Сангийн сайд Б.Жавхлан (Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракц,садан төрлийн холбоотой гэгддэг)
  • БШУ-ны болон Хөдөлмөр, гэр бүлийн сайд Л.Энх-Амгалан (МАНАН бүлэглэл, MSC-ийн төлөөлөл гэгддэг)
  • Зам тээврийн болон Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт (Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракц)
  • Соёлын сайд Ч.Номин (Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэгддэг)

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн танхимд 2022 оноос орж ирээд 2024 онд дахин томилогдон ажиллаж байгаа сайдууд бол    Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаас ЗГХЭГ-ын дарга болон дэвшсэн Н.Учрал нар. Харин Монголын толгой баячуудын нэг гэгддэг Б.Дэлгэрсайхан 2023 онд Түгжрэлийн сайд, 2024 оноос Зам тээврийн сайдаар ажиллаж байна. МАН-д нэгдсэн МАХН буюу Н.Энхбаярын шахалтаар Б.Тулга 2023 оноос одоог хүртэл Боомтын сайдаар ажиллаж байна.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сайдуудын дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болохоор заасан ч 2022 онд дахин өөрчилж, бүх сайд УИХ-аас байхаар заасан.

Ингэснээр 2021 онд 16 яам, 18 сайдтай ажлаа эхлүүлж байсан Засгийн газар 2022 онд 22 сайд, 16 яамтай болжээ. Энэ үед Түгжрэлийн,Боомтын, Олимпын сайдууд нэмэгдсэн билээ.

Харин өнөөдөр Л.Гантөмөр, Т.Доржханд нарын хоёр ч шадар сайд нэмэгдэж, 23 сайдтай үйл ажиллагаа явуулж байна.

МАН:

  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
  • Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан
  • Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар Ч.Номин
  • Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
  • Сангийн сайдаар Б.Жавхлан
  • Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
  • Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
  • Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар  Л.Энх-Амгалан
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал
  • Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр
  • Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар  Б.Тулга
  • Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

АН:

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр

  • Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр
  • Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны даргаар Р.Эрдэнэбүрэн
  • Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  • Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа
  • Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү

ХҮН:

Шадар сайд Т.Доржханд /Худалдан авах, хөрөнгө оруулалт хариуцсан/

  • Боловсролын яам П.Наранбаяр

Дээрх сайдуудын нэрсийг харвал өөрт нь хань болж байгаа гэгдэх ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүйн сайд О.Алтангэрэл нараас өөр өөрөө мэдэж томилсон сайд байна уу. За яахав, Соёлын сайд Ч.Номинг хамаатуулж болох юм. Өөр алга. Яг цагаа тулаад ирэхээр “хань болж байгаа гурав” ч цаанаа “эзэнтэй”. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө санаачилж хэрэгжүүлсэн Үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлж чадахгүй байна. Авлигажсан улстөр, бүлэглэлүүдийн сүлжээ, хувьчлагдсан эрх мэдэл түүнд ийм боломж олгохгүй байна.

Өөрөө ч Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд тулгуур болох МАН-аа бэхжүүлэх ажлыг хийгээгүй учраас агаар дахь бөмбөлгийг хагалбал шалчийгаад унадаг шиг л  хэврэг болжээ.

Ерөнхий сайдын олон жил ярьсан зорилго нь авлигатай тэмцэх. Гэвч авлигатайгаа тэмцэж ч чаддаггүй, улстөр-эдийн засгийн бүлэглэл сүлжээнээс гарах байтугай тэднийхээ үгээр сайд болгоод сууж байдаг л болов. Энэ янзаараа Үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүлэхгүй явсаар байх уу?

Гэрэг.мн сайтын тоймч

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn