
Байгалийн нөөц ихтэй улсын иргэд ядуу тарчиг, эрх чөлөөгүй амьдарч байгааг баялгийн хараал туссан гэсэн нэг ойлголттой болжээ, дэлхий нийтээрээ. Тэгвэл Монголд энэ хараал хоёр дахин ирэх аюул нүүрлэж буй мэт явдал сүүлийн үед өрнөх болов. Авлигачдын хөрөнгийг хураана, баялгийг ард түмэндээ эргүүлж авчирна гэх зэрэг экстрим үг хэллэгийг эрх баригчдын зүгээс давтамжтай цацаж байна. Алдаа, оноотой ч 30 жил өсч өндийж, үндэсний компани болж, улсад хамгийн их татвар төлдөг MSC-тай дайтах дайныг Засгийн газрын зүгээс нэгэнт эхлүүллээ.
Авлигажсан 30 жилд эрх мэдэлд ойр байсан, олон жил болсон хүмүүсийг ухвал цэвэр хүн нэгээхэн ч гарахгүй. Энэ үүднээс авч үзвэл төрөөс олон тендэр, уул уурхай, орд авсан MSC, “Энержи ресурс” ерөнхийдөө бохир. Гэхдээ Засгийн газар өнгөрсөн бүхэн рүү дайн зарлах биш, яриа хэлэлцээний аргаар, шахалт, шаардлага тавьдаг олон аргаар асуудлыг шийдэж болно.
Баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээх зорилго нь зөв ч юу юугүй “хурааж авах” тухай сурталдах нь өөр ашиг сонирхолтой мэт санагдана.
Тийм ч учраас бүлэглэл нөгөө бүлэглэлээ намнаад, дарангуйлал тогтоох нь гэсэн болгоомжлол ч учир мэдэх хүмүүсийн дунд төрөх болжээ. Хэрэв энэ болгоомжлол бодит болбол Монгол жинхэнээсээ баялгийн хоёр дахь хараалд өртөх нь тодорхой.
Хамтарсан Засгийн газар Хятадын Засгийн газартай яриа хэлэлцээр хийсний үр дүнд энэ сарын 14-нд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Ингэж 20 жил ярьсан, бүлэглэлүүдийн хэрүүл, тэмцлийн бай болсон төмөр замын хил холболтын ажил урагшлах болсон нь том ахиц дэвшил.
Хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа.” гэж хэлсэн.
“Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан…” гэсэн нь тухайн үед MSC, “Энержи ресурс” саад болсон гэсэн санаа. Харин MSC, “Энержи ресурс” урд хөршийн компанитай нарийн төмөр замаар холбогдох гэж байтал төмөр замын царигийг өргөн болгож гацаасан “хам хэрэгтэн” Х.Баттулга “ардын баатар” шахуу болж буй нь шударга бус юм.
Аль аль нь хөгжлийн садаа юм бол аль, алийг шүүмжлэх орон зай байх учиртай бусуу .
Төмөр замын хил холболтыг гацаанаас гаргасан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр нэгэн захирамж гаргасан нь “Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлаар дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулан байгуулав.
Хууль зүйн сайд О.Алтангэрэл өмнө нь “Авлигачдын хөрөнгийг хураана” хэмээн удаа дараа мэдэгдсэн учир уг ажлын хэсэг Ухаа худагийг “Энержи ресурс”-ээс хурааж авах шийдвэр гаргах уу гэсэн асуулт тавигдаж байгаа юм.
Уг нь хөрөнгө хураана гэдэг хувьсалчдын арга бөгөөд Монголын түүхэнд хар толбо үлдээсэн асуудал. Орчин цагийн ардчилсан Монголд яриа хэлэлцээний замаар,бүр болохгүй бол хууль, шүүхийн замаар асуудлыг шийдэх нь улстөрийн соёл юм. Шүүх хэний хөрөнгийг хураах, яах ийхийг шийдээгүй байхад Хууль зүйн сайд ийм мэдэгдэл хийнэ гэдэг айлгах, дарамтлах, улмаар өөр зорилгоо илэрхийлэх арга хэрэгсэл мэт ойлгогдож байна.
Ер нь “авлигажсан тогтолцоог засахын тулд” гэж өөрсдийгөө нэрлээд буруу аргаар будаа тээвэл буцахдаа шороо тээхийн үлгэр болж, улс орноо дарангуйллын замаар замнуулбал засахад оройтсон байх вий гэсэн болгоомжлолын үүднээс үүнийг тэрлэв.
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Л.АЛТАНГЭРЭЛИЙН АХАЛСАН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
www.gereg.mn тоймч