Засгийн газар хотод, Х.Баттулгын фракц хөдөөд

Өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит IV хуралдаан болжээ. Хуралдаанд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна    УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн болон агентлагийн удирдлагууд, дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцсон гэнэ.

Албан мэдээнээс үзвэл, Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөний талаар, нийслэлийн эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх шийдэл, Хүннү смарт хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, бүсчлэл, тээвэр ложистик, дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтийн явц, нийслэлийн гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр хангах, хүлэмжийн хийг бууруулах загвар төслийн технологийн шийдлийн танилцуулга, штабын өмнөх хуралдаануудын үүрэг, даалгаврын биелэлт болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцжээ.

Амралтын өдөр болгон шуурхай штабын хурал хийж, түүнийгээ сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр битүү мэдээлж байгаагаас харахад Засгийн газар амралтгүй, тасралтгүй ажиллаж байгаагаа харуулах гэсэн нь илт. Ард түмний өмнө үүрэг хүлээсэн албан ёсны институт ажиллах ёстой. Ажиллаад байгаа хэрнээ үр дүн гарахгүй бол хэцүү. Гол нь үр дүн гаргах ёстой.

Хагас сайны шуурхай штабын хурал дээрээс онцлон мэдээлсэн нэг ажил нь Улаанбаатар хотыг бүрэн камержуулах технологийн шийдлийг хэрэгжүүлсэн гэнэ.Нийслэлийг бүрэн камержуулсан  бөгөөд  өдөрт нэг сая, сард 30 сая зөрчил илрүүлж, баталгаажуулах техникийн боломжийг бүрдүүлснээ хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.

Энэ мэтчилэн юутай ч хамтарсан Засгийн газар ажиллаж байгаагаа амралтын өдөр ажиллаж харуулав. Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрийн шуурхай хуралдаан дээрх баргар царайг эс тооцвол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээ огцруулахгуйн төлөө ерөнхийдөө их хичээж буй бололтой.

Албан ёсны Засгийн газрыг ийн ажиллаж байхад  хамтарсан Засгийн газрыг хөшигний араас удирддаг гэх  Ерөнхийлөгч асан Х.Баттулгынхан хөдөө ажиллаж явна.  Х.Баттулга өнгөрсөн жилүүдэд яаж ч явсан өөрөөс нь урвахгүй хэдэн “нөхөдтэй” болсныхоо заримыг  УИХ-ын гишүүн  болгосон нь   С.Ганбаатар, Л. Мөнхбаясгалан, Ө.Шижир,  Д.Жаргалсайхан нар. Өөр ч бий.

Ямартай ч Х.Баттулгын фракцынхан  “Хөх Монголын хөх туг” хэмээх нэртэй уулзалтуудыг Хөвсгөл аймгаас эхэлсэн бөгөөд “Байгалийн баялгийн 34-50 хувийг иргэн бүрд” өгөх агуулгыг ярьж яваа аж.

Уулзалтын танилцуулга-зар дээр “Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” Мөн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тус тус заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын 34-50 хувийг “Баялгийн сан”-д төвлөрүүлэх талаар “ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ТУГ” аян зохион байгуулж орон нутгийн иргэдтэй хийх уулзалт Хөвсгөл, Булган, Орхон аймгаас эхэлж байна” хэмээн бичжээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аар баталсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайллаар хийгдсэн ажил гэж хүмүүс ойлгодог. Гэвч Х.Баттулгынхны хүмүүст ойлгуулж яваагаар бол тэд хийжээ.

Мэдээж уулзалтуудын үеэрээ “Х.Баттулга бол төмөр замыг гацаагч биш, харин ч баялгийг Монголдоо авч үлдсэн” гэх суртал ухуулгыг хийж яваа. Энэ бүхний эцсийн зорилго Х.Баттулга улстөрд байр сууриа улам бэхжүүлж, улмаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зорьж буй нь илт.

 www.gereg.mn сайтын тоймч

 

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn