ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР: Хөгжил урагшаа, ардчилал хойшоо  

Шинэ 126 гишүүнтэй парламентын анхны сонгуулиар МАН жагсаалтаар 18, тойргоос 50, нийт 68 суудал, харин АН тойргоос 26,жагсаалтаар 16, нийт 42 суудал авав. Харин ХҮН тойргоос хоёр, жагсаалтаар зургаа нийт найм, Иргэний зориг-Ногоон нам болон Үндэсний эвсэл тус бүр жагсаалтаар дөрвөн суудал авав.

Ийнхүү 126 гишүүнтэй УИХ-д хамгийн олон суудлыг авсан  МАН, АН, тэдний дэргэд сураггүй шахам наймхан суудалтай ХҮН гурван нам нийлж, Хамтарсан Засгийн газрыг байгууллаа. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар дахин томилогдож, АН-ын дарга Л.Гантөмөр  Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, ХҮН-ий дарга Т.Доржханд Шадар сайдаар ажиллахаар болов.

Засгийн газрын 13-т МАН,  наймд нь  АН, үлдсэн гуравт нь ХҮН намууд хүнээ томилон ажиллуулж байна. Хамтарсан Засгийн газар байгуулах санаачлагыг анх сөрөг хүчнээс биш, дангаараа Засгийн газраа байгуулах бүрэн боломжтой байсан МАН-аас гаргасан. Тухайн үед МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлснээр, “Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр” хамтарсан Засгийн газрыг байгуулсан.

2008 онд С.Баярын “стандарт бус” Засгийн газар байгуулагдсанаар нэгд, Оюутолгойн гэрээг байгуулсан, эдийн засгаа өсгөсөн зэрэг сайн талтай ч улстөрд МАНАН гэх бүлэглэл бэхжихэд шууд нөлөө үзүүлсэн гэлцдэг. Тухайн үед байгалийн баялгийн халуурал эрчээ авч, улмаар 7 сарын 1-ний хэрэг явдал гарсан зэрэг нь “стандарт бус” Засгийн газарт түлхсэн хэрэг. Харин энэ удаа 30 жил урагшлаагүй том төслүүдээ хөдөлгөх, улсаа хөгжүүлэх зорилго агуулсан гэдгээ Л.Оюун-Эрдэнэ онцолсон. МАН дангаараа засаглах боломжтой байхад эрх мэдлийг нь бусадтай хуваалцсанд ялангуяа МАН дотроосоо өнөөдөр ч эсэргүүцэл өрнөсөөр байна.

Он дуусахын өмнөхөн,саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах дуулианыг сошиалаар дэгдээж, хариуд нь тэдгээр бүлэглэлүүдийн төлөөлөгчдийг энд тэнд томилох байдлаар ам хааж байх шиг байна. Төрийн өмчит томоохон компаниудын хяналт хариуцсан менежерүүдээр АН-ынхныг томилох, МАН-ын бүлгийн дөрвөн дэд даргаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн, хөдөөгийн болон хотын фракцынхнаас томилж буйгаас үүнийг харж болно.
Мөн санхүүгийн жил дуусаагүй байхад  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 135 мянган төгрөгийг иргэдийн дансанд хийх зэргээр өмнөө тавьсан том зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Засгийн газар ам хааж, гал намжааж буй.

Эдгээр жижиг ч гэмээр хэл, ам, эсэргүүцлийг эс тооцвол сөрөг хүчингүй Засгийн газар сайн ажиллах үүрэгтэй. 27 жилийн өмнөөс ярьсан Францтай хийх ураны төслийн гэрээ, хэлэлцээр бэлэн болсон,БНХАУ-ын “Чайна Энержи” компанитай Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замыг барьж байгуулахаар тохирсон,ОХУ-тай III дулааны цахилгаан станцын зураг төслийг хэрэгжүүлэхээр болсон зэргийг дурдахад л хамтарсан Засгийн газрын хурдыг илэрхийлж буй.

Хойд, урд хоёр хөршөөс гадна гуравагч хөрш Францтай хамтарсан төслүүдийг эхлүүлж буй нь гадаад харилцааг эн тэнцүү барьж явах төрийн бодлогын илрэл.

Эдгээр төслүүд нь хамтарсан Засгийн газрын 14 мега төслүүдийн нэг бөгөөд гэрээ хэлэлцээр хийх эрхүүдийг УИХ-аар соёрхон батлуулсан нь эхний томоохон амжилтууд юм.

Гурван нам засгийн гал тогоонд чихэлдэж орсныг зарим нийтлэлчид “Хөнжлийн Засгийн газар” хэмээн нэрлэсэн. Сөрөг хүчин байх ёстой улс төрийн намууд эрх баригчидтай нэг хөнжилд орсноор ардчилсан улстөрийн  хамгийн гол шалгуур болох сөрөг хүчний хяналтын тогтолцоог алга болгосон. Ийм нөхцөлд хамтарсан Засгийн газрыг хэн хянах вэ гэсэн асуулт хамгийн хурцаар тавигдаж байна.

Ингээд бодохоор хамтарсан Засгийн газрын уриаг “Хөгжил урагшаа, ардчилал хойшоо” гэж томьёолж болох юм.

www.gereg.mn сайтын редакц

2024 оны онцлох тойм:   Анхны 126 гишүүнтэй УИХ-ын сонгууль: Алдаа,оноо эндээс уншина уу. 

 

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn