ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Ш.Энхтөр ханиад, томуугийн эмчилгээний үед анхаарах зүйлсийг зөвлөж байна.
1. Халуун бууруулах, өвдөлт намдаах эмчилгээний үед парацетомол, ибупрофен тунг нь тааруулах шаардлагатай. Эмийн сангуудаар зарагдаж байгаа олон найрлагат эмүүд дотор парацетомол, ибупрофен агуулсан байдаг.
Тав хүртэлх насны хүүхдэд парацетамолын тун хэтэрвэл маш аюултай.
2. Аспириныг томуу, томуу төст өвчний үед хэрэглэхийг дэлхий нийтэд хориглоод 20 гаруй жил болж байгаа. Аспирин хэтэрснээс болоод элэг, бөөр, тархины дутагдалд орох амь нас эрсдэх тохиолдол сүүлийн жилүүдэд тохиолдсон. Халуун бууруулах, өвдөлт буруулах эмчилгээн дээр аспирин пирамидоны бэлдмэлийг огт хэрэглэж болохгүй.
3.Амьсгалын замын цэвэршүүлэх эмчилгээ гэдэг нь хуримтлагдсан цэр, салстыг гадагшлуулах процесс юм. Цэр, салстыг сайн гадагшлуулж чадаагүй үед уушгины үрэвсэл, бусад хүндрэлүүд гардаг. Цэр, салстыг гадагшлуулах нь туйлын чухал. Бага насны хүүхдүүд цэр, салстаа гаргаж чаддаггүй тул цэр ховхлох шингэлэх эмийг шөнө оройн цагаар, унтуулах цагийг нь угтуулж өгч болохгүй. 6 сар хүртэлх хүүхдэд цэр ховхлох бэлдмэл эсрэг заалттай байдаг.
4. Олон удаа, ойр ойрхон халуурах, бөөлжих, суулгах, хоолонд дургүй болох, хөхөө хөхөх дургүй болох зэрэг шалтгаанаар шингэн дутагдах, усгүйжилтэд ордог. Энэ үед ам уруул хатах, хэл уруул улаан болох, хэл нь өнгөртөх, арьс хуурайших, цонхийх, хөхрөх, ам цангах, нүд хонхойх, зулай хонхойх шинж тэмдэг илэрдэг.
Хүүхэд уйлахад нулимс гарахгүй байх нь хүүхдэд шингэн дутагдаж, усгүйжсэний шинж.
Энэ үед яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Хүүхэд халуурч байгаа үед шингэнийг уйгагүй буюу 5-10 минут тутамд 5-10 грам шингэн өгөх хэрэгтэй.