Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр 2025 оны улсын төсөвт хориг тавилаа.
2025 оны улсын төсөв 35.8 их наядын зарлагатай, 1.9 их наядын алдагдалтай батлагдаж, батлагдах явцдаа тодотгол хийх нэмэлт шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тэгвэл 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавихдаа “УИХ-аас 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Гэтэл Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна” хэмээжээ.
Өөрөөр хэлбэл, УИХ Улсын төсвийг батлахдаа буюу төсвийн хуулийг хүчин төгөлдөр болоогүй байхад тодотгол хийнэ гэсэн агуулгыг оруулсан нь хууль, дээдлэх зарчмыг зөрчсөн гэв.