Өмнөх 2024 оныхоос даруй 5.8 их наядаар нэмэгдсэн 2025 оны улсын төсөв тойрсон маргаан, тэмцлээс хоёр асуулт тавигдаж байна.
- Нэгд, улсын төсвийг хэт үрэлгэн, хэтэрхий данхар болгох тооцоолол хэний санаачлагаар хийгдсэн бэ? Хэн нэгний санаачлагаар хийгдсэн байлаа ч танхимын тэргүүний хувьд Засгийн газар дээрээ хянах, болиулах арга хэмжээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад хийсэнгүй вэ?
- Хоёрт, Засгийн газрын дотоод дахь эрх ашгуудаас болж, хамгийн чухал танхимын зарчим гээгдэв үү? Үүнээс болж Ерөнхий сайдаа сул харагдахад хүргэв үү?
Үнэхээр өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн төсөв тойрсон үйл явдлууд, байр сууриудаас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт танхимын зарчим алдагджээ гэж хэлж болохоор байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэт данхар, төр бүхнийг хийх төсвийг эсэргүүцэхдээ эхлээд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал руу, дараа нь Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нарын давхар дээлтнүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нарт хаягласан. NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ярихдаа тэрээр дээрх хүмүүс рүү дайрахын зэрэгцээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өмөөрөнгүй байхыг үзэгч олон харсан биз ээ. Тэрээр Ерөнхий сайдыг “Ийм дөнгөлөгдсөн эрх мэдэлтэй байж яадаг юм бэ” гэх юмуу, намын хайрцагнаас гадуур (Намын хайрцаг гэдэг нь дээрх нэр бүхий хүмүүсийг хэлж буй бололтой) шинэ залуучуудыг Л.Оюун-Эрдэнэ дарга УИХ-д оруулж ирсэн. Тиймээс бид энэ боломжийг ашиглах ёстой гэх зэргээр илт тал зассан өнгөөр ярьсан юм.
Эндээс МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингээр дамжуулж танхимын зарим сайдууд,намынхаа зарим хүмүүст хэлэх үгээ дамжуулж байна гэж хардагдахад хүрэв. Улстөрийн үйл явдалд анализ хийдэг нийтлэлч Б.Болор-Эрдэнэ жишээ нь ийм дүгнэлт хийжээ.
Хэрэв энэ таамаглал үнэн бол өөрийнхөө удирдаж буй Засгийн газрын төсөвт улстөрийн байр сууриа илэрхийлдэггүй, танхимын сайдуудаа дураар дургихыг зогсоож чаддаггүй Ерөнхий сайд байна гэдэг бол бас хэцүү. Тийм л учраас Засгийн газарт танхимын зарчим алдагджээ гэж дүгнэхэд буруудсан болохгүй.
Хамтарсан Засгийн газар анхны бүтэн ажиллах жилийнхээ төсвийг УИХ-д өргөн барих үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал ДНБ 10 мянган долларт хүрэх боломж байна” хэмээн мэдэгдсэн.
Ерөнхий сайд төсвөө өргөн барихдаа л 35.8 их наядын төсөв гэж танилцуулсан.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн үлээж буй шүгэл ч 35.8 их наядыг зарах гээд байгаа тухай.
Тэгэхээр Засгийн газраас анхнаасаа өргөн барьсан данхар төсвийн буруутан хэн бэ? Гэдэг асуулт урган гарч байна.
Д.Энхтүвшин болохоор дээрх нэр бүхий сайд, гишүүдийг буруутгасан.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Засаг дарга асан Э.Болормаа “Энэ бол Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв биш, шинэлэг зүйл багатай” хэмээн мэдэгдэв. Засгийн газарт танхимын зарчим алдагдсаныг батлах дараагийн үг бол энэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн заан нэрлэсэн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, ГБХНХ-ийн сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн,Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нарын хийсэн ажил уу?
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Э.Болормаа нарын хэлсэнчлэн бүтэн жилийнхээ Засгийн газрын үйл ажиллагааны төсвийг боловсруулахад Ерөнхий сайд нь оролцоогүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Оролцоогүй юм бол төсөв өргөн барихад яагаад 35.8 их наядын төсвийг баталж өгнө үү хэмээн УИХ-ын индэр дээр хэлж зогссон хэрэг вэ? Ерөнхий сайд нь хамгийн чухал асуудлаа нэгтгэн зангидаж,сайдуудаа удирдаж чадахгүй байгаа юм бол хамтарсан Засгийн газар цаашид хэвийн ажиллаж чадах уу? Гэдэг асуулт тавигдаж байна.
Хэрэв Ерөнхий сайд төсөв өргөн барихад эрх мэдэл нь дутаж, Н.Учрал, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нарынхаа дураар дураар дургилтыг хазаарлаж чадахгүй байгаа юм бол тэднийг огцруулах бүрэн эрх нь түүнд бий. Л.Оюун-Эрдэнэ шиг эрх мэдэлтэй Ерөнхий сайд өмнө нь ажиллаж байгаагүй бөгөөд Үндсэн хуулиар танхимдаа хэнийг ажиллуулахаа дангаар толгой мэдэн шийдэх бүрэн эрхтэй Ерөнхий сайд болсон юм.
Гэхдээ улстөр улстөрийн намуудын бодлогоор гэхээсээ бүлэглэлүүдийн далд тохироон дээр явдаг болсон үед Л.Оюун-Эрдэнэ дээрх сайдуудаа огцруулж ч чадахгүй, эрх мэдлийг нь хумьж ч чадахгүй байх магадлал өндөр. Хэрэв сайдуудаа сугалах гэвэл өөрийг нь огцруулахаар анаж байгаа түүний эсрэг бүлэглэл бас хүчтэй.